Монгол Улс одоогоос зургаан жилийн өмнө Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Тус үнэлгээгээр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд дампуурах эрсдэлтэйг тогтоож, дүрмийн сангаа хуульд нийцүүлэн нэмэгдүүлэх шаардлага тавьсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх хоёр банкны асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 11 банкнаас дээрх хоёр банкны үйл ажиллагаа доголдож, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь суларсны улмаас дампуурах эрсдэлтэй байгааг 2020 оны наймдугаар сард Монголбанк зарласан. Тус хоёр банканд татвар төлөгчдийн мөнгө бий учраас дампууруулж болдоггүй. Эдгээр банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой таагүй мэдээлэл гарах болж, Монголбанкнаас дээрх хоёр банканд тогтворжуулах арга хэмжээ авч, хянагч томилон ажиллуулж буй.

Аудитын дүгнэлтээр, татвар төлөгчдийн 140 тэрбум төгрөг тус хоёр банканд эрсдэлтэй байсан талаар холбогдох албаныхан мэдээлж байв. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Тавантолгой түлш” ХХК, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет менежмент” ҮЦК ХХК, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан билээ.

Сангийн сайд Б.Жавхлан дампуурах эрсдэлтэй хоёр банканд байгаа төрийн болон татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг татаж, Монголбанкнаас тогтоосон шалгуурыг хангаж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бусад банканд шилжүүлэхээ мэдэгдэж байв.

Хүндхэн нөхцөлд байгаа мэдээллүүд гарсны дараа хадгаламж эзэмшигчид тус хоёр банкнаас хадгаламжаа татах, үйлчлүүлэгчид үйлчлүүлэхээс татгалзаж эхэлсэн нь улам дарамт болжээ.

Чингис хаан банкны хувьд 2021 оны эхний хагас жилд 3.9 тэрбум төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2020 онд 12.2 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн чөлөөт эх үүсвэрийг гаргаж өгөхгүй байгааг анхааруулж байв.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд 14 тэрбум төгрөг өгөх ёстой, түүнийгээ Монголбанкнаас зээл авч төлсөн. Дараа нь Төв банкнаас авсан зээлээ төлжээ. Үндэсний хөрөнгө оруулалтын банк Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр 100 гаруй тэрбум төгрөг төлөөд дуусаж байгаа юм билээ.

“Чингис хаан” банканд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн 140.8 тэрбум, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 114.1 тэрбум төгрөг байсан бөгөөд анхны шаардлагаар дээрх хоёр банк мөнгөн хөрөнгийг гаргаж өгөөгүй байдаг.

Монголбанкны эх сурвалжийн мэдээлснээр, “Чингис хаан” банканд Өвөрмонголын хөрөнгө оруулагч, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд гадны өөр улсаас хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах санал тус тус гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрч буй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, “Чингис хаан банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Бүх банкны дүрмийн сангийн доод хэмжээ 100 тэрбум төгрөг баайх ёстой. Харин “Чингис хаан” банкны дүрмийн сан 50 тэрбум. Иймд шинэ хөрөнгө оруулагч орж ирэх шаардлагатай.

Б.Лхагвасүрэн өмнө нь хэлэхдээ “Чингис хаан банканд хөрөнгө оруулъя гэж Өвөрмонгол хөрөнгө оруулагч нэг удаа Монголбанкин дээр ирж уулзсан. Ерөнхийдөө сонирхож байгаагаа илэрхийлж, хөрөнгө нь БНХАУ-аас орж ирнэ гэж хэлсэн. Гадагшаа хөрөнгө оруулахаар бол БНХАУ-ын Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг учир олон шат дамжлагатай. Тиймээс дэмжээч гэсэн хүсэлт гаргасан.

Монголбанк БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдтай нь уулзаж, хөрөнгө оруулбал дэмжиж өгөөрэй гэсэн хүсэлтийг уламжилсан. Ийм процесс болсон. Яг эцсийн байдлаар хөрөнгө мөнгө нь орж ирээд, банкаа худалдаад, шинэ хөрөнгө оруулагчтайгаа гэрээгээ хийгээгүй.

Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр гадны хөрөнгө оруулагч хөрөнгө оруулъя гэж хүсэлтээ тавьсан. Харилцагчийн мэдээлэл гэдэг утгаараа аль улсаас хөрөнгө оруулах хүсэлтэй байгааг хэлэх боломжгүй, нууц юм. Монголбанк Банкны тухай хуулийн шалгуурыг хангаж байна уу, мөнгөний эх үүсвэр нь цэвэр үү гэдгийг шалгаад явж байна” гэж мэдээлж байсан юм.

Тус хоёр банкны хувьд гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах хүсэлт тавьсан нь аврагдах, дампуурахгүй байх боломж юм.

Банк татан буулгахын төвөгтэй асуудал нь зээлдэгч нар нь маргаад, асуудал шүүхээр шийдэгддэг. Энэ хугацаанд мөнгөн урсгал байхгүй болчихдог байна.

“Чингис хаан” болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь системийн нөлөө бүхий банк биш. Гэхдээ дампуурвал иргэдийн хадгаламж, төрийн мөнгийг гаргаж авах процесс удааширна, сунжирна. Тиймээс дампууруулахгүй, хөрөнгө оруулагч татах нь аль аль талдаа хэрэгтэй гэсэн шийдвэрийг Төвв банк гаргасан байдаг.

Өдгөө тус банкуудад Төв банкнаас томилогдсон шинжээч өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагад хяналт тавин ажилласаар байна. Улмаар банкны Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хөрөнгө оруулалт татах, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж буй.

Чингис хаан банкийг Тус банкийг гадаадын хөрөнгө оруулагч худалдаж авснаар НДС, ЭМДС, ЖДҮДС-гийн хөрөнгийг гаргаж өгч, хохиролгүй болох боломж бүрдэнэ гэсэн хүлээлт бий.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг “Хятадын хөрөнгө оруулалтай компани “Чингис хаан” банкны хувьцааг авахаар Монголбанктай гэрээ хийсэн. Бидэнд ирсэн мэдээллээр ганцхан НДС-гийн биш, төрийн бусад байгууллагын өр төлбөрийг хариуцах нөхцөлтэйгөөр гэрээгээ хийсэн гэж ойлгосон. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баянмөнх техник дэвшил” ХХК энэ төлбөрийг хариуцаад явна гэж ойлгож байгаа” гэсэн мэдээлэл хэвлэлд өгч байв. Гэвч энэ мэдээллийг Төв банкны холбогдох албаныхан баталгаажуулаагүй юм.

Одоогоор хэдэн хувийг нь ямар үнээр авсан тухай мэдээлэл байхгүй байгаа ч “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч Б.Батхүүгийн “Чингис хаан” нэрийг 50 тэрбум төгрөгөөр, банкны баланс дээр дутагдаад байгаа 180 тэрбум төгрөг, лицензийг нь 50-60 тэрбум төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл бий юм.

Төв банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр, “Чингис хаан” банкны жижиг хадгаламж эзэмшигчид хохиролгүй болжээ. “Чингис хаан” банк НДС, ЭМДС, төрийн өмчийн компаниудад 130 тэрбум төгрөг төлнө. Шинэ хөрөнгө оруулагчдад юун түрүүнд олон нийтийн энэ мөнгийг гаргаж өгөх ёстойг хэлсэн аж. Банканд хянагч томилоод, тогтворжуулах төлөвлөгөө хэрэгжүүлж явсны үр дүн нь мөнгөө алдсан гэх жижиг хадгаламж эзэмшигч буюу иргэн байхгүй болж, том мөнгөн дүнтэй харилцагчид үлджээ.

Монголбанкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын эрсдэлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүүгийн мэдээлснээр, хоёр банканд Төв банкнаас томилогдсон шинжээч өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагад хяналт тавин, банкны Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хөрөнгө оруулалт татах, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Хоёр банканд хөрөнгө оруулах хүсэлтээ гаргасан хөрөнгө оруулагчдын мөнгөний эх үүсвэр цэвэр үү гэдгийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу