Нийгмийн хамгийн хөндүүр сэдэв болсон “нүүрсний” гэх тодотголтой “хулгай”-н хэрэгт холбогдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан тэргүүтэй 11 хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Есөн сарын турш төрийн хяналтад байгаа Б.Ганхуяг “Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа” гэж онцолсон. Нүүрстэй хутгалдсан хүмүүс айж байгаа нь үнэн. Түүнийг ам нээчих вий, юу гэж байгаа бол гэхээс нойргүй хонож байгаа.

Тэр “УИХ тэр чигээрээ над руу дайрлаа, Засгийн газар тэр чигээрээ над руу дайрлаа. Нам тэр чигээрээ дайрлаа. Эрх баригчид дайрлаа. Бүх хэвлэл дайрлаа, бүх хар масс дайрлаа. Нэг улс, нэг гэр бүл ч дааж чадахааргүй гүтгэлэг дунд би есөн сар байлаа” гэж хэлсэн.

“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой нүүрсний хэргийг тэр мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс “аврахгүй бол адилхан болгоно шүү” гэх утга бүхий зүйлс хэлсэн нь МАН дотор мангас сэрснийг сануулав.

Б.Ганхуягийн Хүнийн эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т хандсан захидлын эхний хэсэг дэлгэгдэж өчигдөр шуугиан тариад амжив. ХЭҮК-т очихоосоо өмнө хэвлэлийн хуудаснаа заларсан түүний захидалд “Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс хойш энэ өдөр хүртэл 9 сар гаруй хугацаанд улс төрийн хоригдол болон сууж, эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод, хилс хэрэгт гүтгэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар түүний гар хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, Шүүхийн шийдвэрийн золиос болсоор удаж байна” хэмээн бичсэн байна.

Нүүрсний хулгайн бүх зангилаа, ээдрээ, утасны үзүүрийг хаанаас хөвөрдөхөд хэн гарч ирэхийг тэр хамгийн сайн мэдэж байгаа юм. Тэр ам нээхэд МАН-ын удирдлагуудын талаас илүү нь Б.Ганхуягийн хажуу камерт хамт морилох зурагтай. Тиймээс Б.Ганхуяг бол нүүрсний хулгайн гол хөзөр тул түүнийг суллах сонирхол байхгүй. Үүнийг ч тэр мэдэж байх ёстой. Намаараа нүүрсний хулгайн хэргээр шүүхийн хаалга татахгүйн тулд нэг, хоёр, гурван хүн явах ёстой биз дээ.

Харин Б.Ганхуягийн хувьд бурхнаа бургасаар ороолголоо гэдэг шиг захидал бичсэнийг хэвлэлүүд дэлгэсэн. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаа очиж нүүрсний хулгайн хэрэгт холбогдоогүй шиг байгаа юм. Тийм ч учраас эр зоригтойгоор энэ бүх хулгайг зогсоох ажлыг эхлүүлсэн.

Хулгайг зогсооно гэхэд түүнийг нам дотроо дэмжих хүн цөөн байсан. Гэхдээ тэр эхлүүлсэн. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын урьдчилсан шатны хэлэлцүүлэг шувтрахтай зэрэгцэн нүүрсний сонсгол явагдана. Тэр сонсгол бөмбөг тэсэлнэ гэдгийг олон хүн ярьж байна.

Ямартай ч өөрт нь ял өгүүлэх гэж байгаа хүн нь Л.Оюун-Эрдэнэ, түүний дор ажиллаж байгаа АТГ, прокурор, шүүх гэдгийг эргэлзэх зүйлгүй тэр илчилж орхив. Нэгэнт ял авах нь үнэн юм чинь гэдэг утгаар тэр зоригтой энэ бүхнийг бичив үү эсхүл түүний ард Л.Оюун-Эрдэнээс эмээхгүй байх шалтгаан бүхий улс төрийн хамгаалалт байна уу гэдэг анхаарал татаж байна.

Б.Ганхуяг зоригтой байх ямар нэг шалтгаан бий. Шалтгаан нь нүүрсний томоохон бүлэглэл байж болох уу. Тэр бүлэглэл өөрийг нь аварна гэж өнөөдрийг хүртэл итгэсээр яваа юу. Эсхүл сонгуулийн мөнгийг нь босгосон тэр бүхнээ ил болгох уу. Хэрэв энэ илчлэгдвэл МАН нүүрсний хулгайн мөнгөөр төрийн эрхийг авсан “хэрэг”-т унана. Өмнөх намын дарга одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар хамгийн түрүүнд шалгагдах юм.

Л.Оюун-Эрдэнэ нүүрс гэх “хатиг”-ийг хагалах уу, Б.Ганхуяг “хатиг”-аа хамгаалж, намын даргаа тонших уу гэдэг тун сонин. Тэрбээр ямартай ч нүүрсний хулгайд огт хамаагүй гэж байгаа ч хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан төрсөн эгч Б.Нарантуяа, түүний нөхөр Д.Пүрэвдорж нар Богдхан уулын Жаргалантын аманд 22 айлын тансаг хаус барьж, борлуулсан, эхнэр П.Бадамхандыг нь Энхтайваны “Park Place” барилгын 1024м2 оффисын талбайг 5.4 тэрбум төгрөгийн худалдаж авсан, “Regis Place” барилгын 2, 3, 4 давхрын оффис, 13, 17, 19 давхрын орон сууцуудыг худалдаж авсан хөрөнгөө нотолж чадаагүй гэх мэдээлэл байдаг. Энэ бүхнийг Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлын цалингаар бий болгож чадах уу. Үгүй л гэж олон хүн хариулна. Тиймээс нүүрсний хулгайн мөнгө энэ бүхэн рүү урссан байх магадлал хамгийн өндөр. Ийм нөхцөлд “худлаа” гэж мянга орилоод түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл байхгүй.

Өөрийг нь онилсон хүн намынх нь дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэчихсэн. Одоо Ерөнхий сайдын зүгээс үүнд ямар хариулт өгөх бол. Дахин сануулахад Б.Ганхуяг нүүрсний хулгайн бүх зангилаа, бүх ээдрээ, бүх нугачаа, утасны үзүүр гэдгийг огт мартаж болохгүй. Тэр айхгүй байна. Тэр зоригтой байна. Тэр бурханаа бургасаар ороолгож байна. Б.Ганхуягийг суллахгүй байх мянган шалтгаан бий л байх. Гэхдээ Б.Ганхуяг хэдэн шалтгааныг нь хэлэх цаг удахгүй биз ээ.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу