Нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор АТГ-аас өнөөдөр /2023.02.28/ мэдээлэл хийсэн юм. АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн “Нүүрсний хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор гурван байгууллагын хамтарсан ажлыг хэсэг гарч ажиллаж байгаа. Хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, мөн байгууллага, аж ахуйн нэгжээс 905 баримт материал гаргуулан аваад байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Нийтийн 42 албан тушаалтан шалгагдаж байна. Үүнд, улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал учруулж, хохирол учруулсан гэх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд асан-1

Төрийн нарийн бичгийн дарга асан-2

Аймаг, сумын Засаг дарга -2

УИХ-ын гишүүний зөвлөх-1

Гаалийн улсын байцаагч-12

Хил хамгаалах байгууллагын-4

Авто тээврийн үндэсний төвийн-4

Боомтын захиргааны мэргэжилтэн-2

Эрдэнэс Тавантолгой-6

Тавантолгой төмөр замын 3 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагчаар татагдсан байна” гэв. Мөн “Хэргийг шалгах явцад нийт 17 хүнд цагдан хорих арга хэмжээ авснаас одоогоор найм нь хоригдож байна. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, 26 яллагдагчид хувийн баталгаа авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал авсан нь тогтоогдсон учир 94 үл хөдлөх буюу орон сууцны 83, оффисын гурван талбай, таван зогсоол, гурван агуулах, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бонд зэрэг хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаад байна” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг ЭЦА-наас шалгаж байгаа бөгөөд мөн яллагдагчаар татаад байгаа гэв. Тавантолгой төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргалыг Монгол Улсад эгүүлэн авчрах ажиллагаа явуулж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу