Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд, бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.

Худалдааны түнш орнуудын инфляц саарч, худалдааны эргэлт сайжирч, тээврийн зардал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байсан нь импортын барааны үнийн өсөлт, улмаар инфляцыг сааруулжээ.

Цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэх төлөвтэй ч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгаа аж.

Эдийн засгийн өсөлт 2023 оны хоёрдугаар улиралд хүлээлтээс өндөр гарахад нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнөөр уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн төсвийн төлөв суларсан нь эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлэх нөхцөл болсон байна.

Монгол Улсын худалдааны гол түнш БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын сэргэлт хүлээлтээс удаан байж, цаашид гадаад эрэлт, гол нэрийн түүхий эдийн үнийн төсөөлөл муудахаар байгаа аж. Түүнчлэн геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд болж буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд гадаад эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нь.

Гадаад, дотоод тодорхой бус байдал өндөр, инфляц зорилтот түвшин рүү буурах хурд удааширч байгааг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа аж.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэх юм байна.

“ИНФЛЯЦИ БУУРЧ, МОНГОЛБАНКНЫ ТӨСӨӨЛӨЛТЭЙ НИЙЦТЭЙ БАЙНА”

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Энэ хурлаар эдийн засаг, банк санхүүгийн гадаад, дотоодын байдлыг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээхээр боллоо. Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын хүүгийн шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад муудаж, тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна.

Гадаад эдийн засгийн өсөлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөвтэй байна. Геополитикийн хурцадмал байдал, санхүүгийн хориг арга хэмжээ, дэлхийн томоохон банкуудын мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлж буй Хятадын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татаж байна. Экспорт буурч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл энэ улсад даамжирсан хэвээр байна. Дотоод эдийн засгийн тухайд өсөлт нэмэгдэж, инфляци буураад байна.

Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагас жилд 6.4 хувьтай гарсан. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.

Ингэснээр уул уурхай болон бусад салбар идэвхжиж, эдийн засгийн өсөлт хүлээлтээс давлаа. Мөн төсвийн тодотголын нөлөөгөөр өсөлтийн төлөв сайжирсан байгаа. Гэхдээ өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн төсөөлөл муу гарсан.

Инфляц буурч, Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байгаа бөгөөд ойрын 2-3 сарын хугацаанд 9-10 хувийн тогтвортой байхаар харагдаж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах байдал тогтвортой байна. Ингэснээр шатахууны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан.

“ИНФЛЯЦИ ТОГТВОРТОЙ БУУРАХ ХАНДЛАГА СААРМАГЖИЖ БАЙНА”

Гадаад инлфяц саарч байгаагаас гадна ачаа тээврийн нэвтрүүлэлт сайжирч, тээврийн зардал буурснаар импортын барааны инфляц үргэлжлэн саарахаар байна. Цаашид ч инфляц буурах төлөвтэй байна.

Гэхдээ төсвийг тодотгон цалин, тэтгэврийг өсгөснөөр нийт эрэлтийг нэмэгдүүлж инфляцын дарамтыг өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдүүлээд байгаа. Инфляц зорилтот түвшинд очиж, тогтворжих хугацаа бидний өмнө тооцоолсноос нэг улирлаар хойшилсон. Экспортын орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор урсгал болон төлбөрийн тэнцэтгэл ашигтай гарлаа.

УИХ Монгол Улсын 2023 оны төсвийг өнгөрсөн зургадугаар сард тодотгож, 1.8 их наядаар зардлаа өсгөсөн. Бидний хүссэн хэмжээнд инфляц буурсангүй. Тогтвортой буурах хандлага саармагжиж байна. Ирэх оны төсөв гараагүй байгаа ч хуулиараа 2024 онд төсөв өөрөө яаж өсөх талаар дунд хугацааны тоо гарсан. Бидний хувьд бодлогын хүү 13 хувьтай, инфляц 10 хувьтай байгаа ч хэвээр нь хадгалъя гэсэн шийдэлд хүрсэн.

АНУ-ын хувьд инлфяц зорилтот түвшинд хүрэх болоогүй байна. Энэ ч утгаар гуравдугаар улиралд тэдгээр улсууд хүүгээ нэмэх болов уу гэсэн төсөөлөл байна. Европын холбоо сая нэмсэн. Дахиад ч нэмнэ гэдгээ хэлсэн. Инфляц дахин экспортлогдох магадлал бий.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу