DOBU.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Энэ долоо хоногт олны анхаарлыг гойд татсан үйл явдал “нүүрсний” гэх 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзсан тул Ерөнхий шүүгч Б.Халиун шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Т.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАР ШИГ ГЭМГҮЙ ХҮН ҮГҮЙ ГЭВ ҮҮ

“Цагаан захтанууд”  хэрэг огт хийгээгүй мэт аашилдагчлан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Ганхуяг шүүх танхимд арьсаа хамгаалах гэж ихэд чармайлаа. Тэрбээр “Монгол Улсын хууль, шүүх засаглал хараат бус байх, тунгалаг байх зарчмыг л яриад байна. Өмнө нь хонгилын шүүгч нар гэж гарч ирсэн. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг зүйл гарч ирээд байна.

АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ, барьцаалагдаагүй гэдгийг яаж мэдэх юм. Энэ нөхцөлд та бид хоёр адилхан болчихоод байна, шүүгч ээ. Гэтэл долуулаа нийлээд шийдчихлээ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй байна. Тэр бичгийг харчих юм бол би үгээ хэлмээр байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Намайг болон 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо шүү дээ.

Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Энд итгэдэг ард түмэн гэж байхгүй. Би үгээ хэлмээр байна, танд итгэмээр байна. Надтай найзалсаны төлөө Т.Аюурсайхан энд сууж байна. Тэр надтай найзалсан 76-г бүгдийг нь аваад ир. Энэ нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлийнхэн гадаа байна. Энэ бүгдийг яримаар байна, гэхдээ итгэдэг шүүгчдээ яримаар байна.

Намайг жагсаалаар оруулж ирсэн, 68 хүн баригдсан шүү дээ. Одоо би гав ганцаараа байна. Намайг гаргавал маш олон хүний зүрх зогсчих гээд байна. Намайг ингээд ярихаар маргаашаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү. Яагаад намайг яриулахгүй, эндээс гаргахгүй байгаа юм бэ.

Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэх гэж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Дээр нь, би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулна гэж ярьсан, тийм зүйл байхгүй. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хэрэг хийгээгүй болохоор тэр.

Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл бий. Нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. Анх 2023 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр цагдан хорьсон. Намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын дотор нэг ч мэдүүлэг аваагүй, нэг ч үг асуугаагүй. Дараа нь нүүрсний хэрэг сөхөгдсөн. Тэр дотор нэг нь ч үйлдээгүй. УИХ-д Ажлын хэсэг байгуулсан байна. Байнга нүүрс ярьж байна, надтай холбоотой нэг ч асуудал байхгүй” гэж мэлзэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, шүүгдэгч Т.Аюурсайхан бас л арьсаа хамгаалж, жинхэнэ хулгайчуудыг нь барьж чадахгүй байна гэж мэдэгдэв. Тэрбээр “Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Үүгээр ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг аль болох хурдан хугацаанд явуулж, арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ.

Би асуудлыг нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна. Надтай холбоотой нүүрсний хэрэг огт байхгүй. Энэ бол гүтгэлэг, эрүү шүүлт гэж үзэж байна. Нүүрсний хэргийн “жинхэнэ хулгайч нар үлдчих гээд байна” хэмээн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв.

“50 БИШ, 30 ХУВИЙН ЗӨВШИЛЦӨЛ”

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас үйлдвэрийн удирдлагуудтай цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж хэлэлцээ хийж буй. Тэд өнгөрсөн Баасан гаргийн өглөө 07.00 цагаас эхлэн ажил хаялт зарлаж, цалингаа 50 хувиар нэмэгдүүлж, хүүхдүүдээ тус үйлдвэрт ажилд авдаг байх гэсэн шаардлага тавив.

Тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан мэдэгдэлд нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн тул 2023 оны есдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаатай ажил хаялт зарлаж буйг мэдэгдэв.

Эхний ээлжид Авто тээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн уулын ажлын хэсгүүд үйлдвэрлэлээ зогсоосон. Удирдлагын зүгээс цалинг дээр дурдсан хэмжээгээр нэмэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Өнгөрсөн Баасан гаргийн 18.00 цагт талууд ширээний ард сууж, Хамтын гэрээнд ажилчдын тавьсан шаардлагыг хэрхэн тусгах талаар хэлэлцэж эхэлснээр ажил хаялт түр зогссон байна. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажил хаялтаа зогсоож, хамтын гэрээний хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр боллоо.

Эв санааны нэгдлээ илэрхийлж, хүчээ нэгтгэсэн уурхайчдадаа баярлалаа. Гэрээ баталсны дараа нэгдсэн мэдээлэл өгөх болно” гэж мэдээлэв. Эх сурвалж талууд үйлдвэрийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх дээр санал нэгдсэн гэсэн мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон өнгөрсөн наймдугаар сарын 16-наас ээлжийн амралтаа авсан тул ажил хаялт зарлах тухай мэдэгдэлд хариу өгөх боломжгүй байсан бөгөөд “Ажил хаялтыг хууль бус гэж үзэж байна” гэж мэдэгдэв. Мөн тэрбээр өмнө нь ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмнэ гэдэг тооцоо судалгаагүй, үндэслэлгүй болохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөшагайд хэлжээ.

Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх, ажил хаялтад оролцсонтой нь холбогдуулан захиргааны зүгээс шийтгэл ногдуулах, дарамт шахалт үзүүлэхийг хуулиар хориглодог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар, ажил хаялтад оролцож байгаа цех, хэсгийн ажлын байранд өөр ажилтан ажиллуулахгүй байх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх хэсэгт зааснаар ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу