“Washington Post” сонины тоймч Жош Рогин өнгөрсөн Баасан гарагт нийтэлсэн нийтлэлдээ “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жн Ун нар уулзсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Пёньяны талаар баримталж буй бодлого бүтэлгүйтсэнийг илтгэв” гэж бичжээ.

Тэрбээр Ким Жон Уны Орост хийсэн албан ёсны айлчлал болон есдүгээр сарын 13-нд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээний талаар тайлбарлахдаа “Байдены засаг захиргааны Пёньянтай “харилцахгүй байх бодлого”-ын үр дагавар энэ долоо хоногт Оросын Алс Дорнодод болсон хоёр орны удирдагчийн уулзалтаар илэрлээ” гэж бичсэн байна.

Рогин “Америкийн албаны хүмүүс Пёньян Вашингтонтой харилцах сонирхолгүй байгааг хүлээн зөвшөөрдөг. Мэдээж, Байдены засаг захиргаанд БНАСАУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн аливаа оролдлого нь адармаатай байх бөгөөд амжилтад хүрэх тун магадлал бага.

Түүгээр ч барахгүй Байдены улс төр дуусч, АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохгүй байх магадлал өндөр байна. Хойд Солонгостой харилцахын тулд удирдах албан тушаал, “улс төрийн капитал” хоёулаа хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Тоймч нийтлэлдээ Вашингтоны Хенри Стимсоны төвийн шинжээч Женни Тауны “Бид дипломат арга барилд нээлттэй гэж хэлэх нь асуудлыг шийдэх хамгийн идэвхгүй арга юм. Хойд Солонгос яагаад цөмийн зэвсгээс ангижрах талаар бидэнтэй ярилцах ёстой юм бэ. Бид тус улсад цөмийн зэвсэг хэрэггүй гэж сүрдүүлэх замаар итгүүлэхийг хичээж байна. Бид Хойд Солонгост хамтын ажиллагааны боломжит хувилбар гэж үзэх урьдчилсан нөхцөл бүрдүүлээгүй” гэсэн байр суурийг иш татжээ.

Эх сурвалж: WASHINGTON POST
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу