ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд өөрийн улсад үйлдвэрлэсэн карабин бэлэглэж, хариуд нь Хойд Солонгосын зэвсгийн дархчуудын хийсэн бэлгийг хүлээн авчээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Тэрбээр “Тэд бэлгээ солилцсон ч олон нийтэд ил болгохгүй байхыг илүүд үзсэн. Путин манай ОХУ-д үйлдвэрлэсэн хамгийн чанартай карабин буу бэлэглэсэн. Хариуд нь Путин Ким Жон Унаас Хойд Солонгосын гар урчуудын хийсэн карабин бэлгэнд авсан” гэж хэлжээ.

Песков “Путин Ким Жон Унд сансарт хэд хэдэн удаа “зочилсон” сансрын хувцаснаас бээлий бэлэглэсэн” гэж нэмж хэлсэн байна.

Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA)-ийн мэдээлснээр, Путин, Ким Жон Ун нар есдүгээр сарын 13-нд оройн зоогийн үеэр бэлгээ солилцжээ.

БНАСАУ-ын тэргүүн есдүгээр сарын 12-нд тусгай галт тэргээр ОХУ-д хүрэлцэн ирсэн. Маргааш нь тэрбээр Оросын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхээр Амур мужийн “Восточный” сансрын хөлгийн буудалд хүрэлцэн ирсэн билээ. Хоёр удирдагчийн уулзалт нэг цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна.

Кремль уулзалтыг “маш бүтээлч” уулзалт боллоо гэж дүгнэжээ. Песковын тодруулснаар, талууд харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Хэлэлцээний дараа Путин Хойд Солонгосын удирдагчийн БНАСАУ-д ирэх урилгыг хүлээн авчээ. Үүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх аравдугаар сард Пёньянд айлчлахаар төлөвлөж буй юм байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар Владивостокт хэлэлцээ хийснийхээ дараа БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд солонгос сэлэм бэлэглэж байв.

Эх сурвалж: RBC, KCNA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу