Монголд юу л байна, хулгай байна гэж хэлмээр цаг ирдэг юм байна. Нүүрсний гэх тодотголтой хэрэг ёстой л толгойтныг бөхийлгөж байна гэхэд болно. “Миний нэр хэзээ зарлагдах бол” гэх битүүхэн айдас нүүрсэнд гар дүрсэн болгоны нуруугаар хүйт даалгаж байгаа юм. Энэ улс төртэй юм бол, төр нь хуулийг хэрэгжүүлдэг юм бол ингэж нэг их цэвэрлэгээ хиймээрсэн дээ. Ямартай ч АТГ-аас анх зарласан 17 нэрсээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарыг нүүрсний хэрэгт холбогдолгүй болохыг шалгаж тогтоон албан тоот өөрсдөд нь хүргүүлсэн байдаг.

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татсаныг мэдэгдлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж, яллагдагчаар татсан гэв. Эдгээр нэрс цаашид хэн дээр хүрч зогсохыг таах аргагүй юм. Ямартай ч эдгээр нэрсийг харахад Өмнөговь аймгаас сонгогдсон МАН-ын гишүүн Н.Наранбаатар, АН-аас сонгогдсон гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар яллагдагч болчихлоо. Мөн Говь-Алтай аймгаас МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарын нүүрсний гэх хэргийг АТГ шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн. Нэрс зарлагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д хүргүүлэх байх. УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Чуулган эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын өөрсдийнх нь хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэнэ.

Үүний араас бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар нууц санал хураалт явуулж нэр бүхий гишүүдийн асуудал нэг талдаа гарна. Нууц санал хураалт гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэхээс шалтгаалан хуулийн байгууллагууд дараагийн алхмуудаа хийж эхэлнэ.

Г.Занданшатарын тэргүүлсэн парламент 2024 оны сонгууль хүртэл элэг бүтэн, мөр бүтэн, нэр бүтэн явахгүй нь нэгэнт тодорхой болж байна. Нүүрсний хулгайгаас гадна Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор нэлээд хэдэн гишүүний бүрэн эрх хөндөгдөнө. Хулгайд холбогдоогүй бүтэн тойрог үлдэх эсэх нь хүртэл эргэлзээтэй болж эхэлж байгаа юм.

УИХ-аас Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлбэл Өмнөговь, Говь-Алтай аймгууд парламентад төлөөлөгүй болох эрсдэл үүснэ. Одоо яллагдагчаар татагдсан хүмүүсийн асуудал шийдэгдтэл багагүй хугацаа шаардах тул 2024 оны УИХ-ын сонгуулийг хүлээх шаардлагагүй болж байж мэдэх юм. Ийм бага хугацаа үлдсэн үед нөхөн сонгууль явуулах боломжгүй бөгөөд гишүүнгүйгээр дараагийн сонгуультай золгоно гэсэн үг. Хэрэв ийм нөхцөлд хүрвэл 2024 оны төсөв батлах үед дээрх хоёр аймаг хоосон үлдэж мэдэх юм. Монголын парламентын түүхэнд өмнө нь хэзээ ийм олуулаа яллагдагчаар татагдаж байсан түүх үгүй билээ. Тиймээс  хуулийн байгууллагын гаргасан шийдвэр, түүнийг хүлээж авах эсэхийг шийдэх УИХ-ыг л харах үлдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу