НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар (OCHA)-аас Ням гарагийн өглөө шинэчилсэн тайлан мэдээндээ Ливид болсон үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоонд өөрчлөлт оруулсан байна.

НҮБ “Ливи даяар үерийн улмаас дор хаяж 3958 хүн нас барсан” гэж мэдэгдэв. Мөн шинэчилсэн тайланд 9000 гаруй хүн ор сураггүй алга болсон гэж дурджээ.

OCHA Бямба гарагт Ливийн Дерна хотод үерийн улмаас дор хаяж 11300 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн билээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак Ням гарагт CNN-д ярилцлага өгөхдөө “Бид ДЭМБ-аас дөнгөж баталсан тоо баримтыг мэдээллж байна” гэж мэдэгджээ.

Ням гарагт Умард Африкийн Ливи улсын тэнгисийн эрэг орчмын газар нутгийг “Даниэл” хар салхи дайрах үеэр хүчтэй аадар бороо орсны улмаас хуучирч муудсан хоёр том далан эвдэрч, цүнами маягийн асар хүчтэй үер буусан байна.

Уг гамшигт хамгийн их нэрвэгдсэн Газар дундын тэнгисийн эргийн Дерна хотод амиа алдсан нь батлагдсан хүний тоо 5000 давж, сураггүй алга болсон хүний тоо 20000-д хүрсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн билээ.

Өдөр бүр амиа алдсан хүмүүсийн цогцос, урссан автомашинуудын сэг тэнгисийн түрэлтээр эрэг дээр хаягдсаар байгаа аж.

Хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээвэрлэсэн Европын болон Ойрх Дорнодын орнуудын тэнгисийн хөлгүүд, нисэх онгоцнууд Ливийн эрэгт хүрч эхэлжээ.

Ливи улс 2011 онд Муамар Каддафийн дэглэм унаснаас хойш иргэний дайны байдалд, хоёр тусдаа засгийн газрын хяналтад хуваагдсан. Үер буусан Ливийн зүүн нутаг одоо нийслэл Триполи дахь албан ёсны засгийн газрын хяналтаас гадна оршдог ажээ.

Эх сурвалж: CNN, REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу