Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ дөрвөн жил тутамд хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгодог билээ. Аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийн төлөө дуугардаг, 21 аймагт салбар танхимтай, 5000 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн энэ том айлыг ирэх дөрвөн жилд толгойлох даргаа сонгох ээлжит Их хурал нь болоход цөөн хоног үлдээд буй. Ерөнхийлөгч болох хүмүүсийн марафон аль хэдийнэ эхэлсэн талаар бид мэдээлсэн. /Энэ талаарх “Том компаниудын захирлуудын марафон” нийтлэлийг ЭНД дарж уншина уу/

“MCS” группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр энэ талаар цахим хуудастаа “МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэж шийдлээ.

Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.

Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна. Энэ байгууллагыг улс төр болон хувийн нэг компанийн жижиг эрх ашгуудаас ангид байлгах нь их чухал санагддаг.

2022 оны эхэнд “Эм-Си-Эс” группээс гарснаасаа хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад жижиг, дунд компани, старт-апуудтай хуваалцаж, хөгжлийн дараагийн үе шатанд гарахад туслахыг зорин ажиллаж байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна.

Танхимын үйл ажиллагааг яаж сайжруулах талаар та бүхэн бас санал бодлоо хуваалцаарай.

Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна” гэжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу