Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.09.18/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг солих, дахин авах, тээврийн хэрэгслийг шилжүүлэх үйлчилгээ нь төрийн хамгийн их ачаалалтай байдаг үйлчилгээнүүдийн нэг. Тиймээс бид уг үйлчилгээг цахимжууллаа. 

Ингэснээр түгжрэл болон төвлөрөлд маш том эерэг нөлөө үзүүлнэ.

Бид авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн киоск машиныг “Да хүрээ” зах, Төв шуудан зэрэг иргэд хамгийн ихээр зорчдог 10 цэгт байршуулсан. Тэгэхээр иргэд энэхүү үйлчилгээг дээрх 10 байршлаас авч болно. 

Мөн төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг улсын хэмжээнд 125 байршилд байгуулаад буй. Иргэд  “Хурдан” цэгт очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. “И-Монголиа”-д нотариатын гэрээ байршсан байдаг. Энэ аппликэйшнээр дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж болно.

Бид анх удаа тоон гарын үсгийн тусламжтайгаар цахим гэрээ хийхээр болж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй мянган иргэн тоон гарын үсгийг авсан боловч хэрэглээнд бодитойгоор ашиглаж чадахгүй байгаа. Тэгвэл үүний эхлэлийг авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах ажлаар дамжуулан тавилаа.

Тиймээс дараа дараагийн цахим үйлчилгээнд тоон гарын үсгийг хэрэглэхээс өөр сонголтгүй болно. Цахим хэрэглээг сайжруулахын тулд цахимаар авах үйлчилгээг нэн тэргүүнд шийддэг болгох юм. Ингэж байж бид дахин давтагдашгүй цор ганц тоон гарын үсгийг хэрэглээндээ бүрэн гүйцэт нэвтрүүлнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу