Монгол Улс нүүрс, нар, салхи зэрэг эрчим хүчний асар их нөөцтэй. Харамсалтай нь, хүн амаа эрчим хүчээр бүрэн, найдвартай хангаж чадахгүй явсаар өнөөдөртэй золгож буй.

Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэхийн мэдээлснээр, цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Ингэснээр жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт бий болгожээ.

Гэвч 2019 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан байна. Иймд,

цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28-30 хувиар нэмэгдүүлж, бодит өртөгт нь нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсээд буй ажээ.

Жил бүр салбарын мэргэжилтэн, инженерүүд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг үе үеийн засгийн газарт уламжилсаар ирсэн ч төр засгийн удирдлагуудын эрх ашиг дийлсээр иржээ.

Эрх баригчид, улс төрчдийн үхтэлээ айж буй асуудлуудын нэг нь эрчим хүчий үнэ тарифыг нэмчихвэл сонгуулиар өөрсдийг нь сонгох хүнгүй болно гэсэн болгоомжлол, амин хувиа хичээлт. Үүний уршгаар эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж, эргэж сэргэхгүйгээр уналтад ороход туйлын ойрхон байна.

Эрчим хүчний салбарынхан хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан боловч саарал ордныхон улс төрийн шалтгаанаар буцааж, үнэ тарифын асуудлыг шийдэхэд саад учруулж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж буй юм.

Өнөөдөр Монгол Улсын цахилгаан эрчим хүчний таван станцын насжилт 40-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээний насжилт 30-60 жил болсон. Гэвч өвлийн оргил ачааллын үед бүгдийг бүрэн хүчин чадлаар нь “зүтгүүлсээр” буйгаас харахад Монгол Улс нэг л өдөр “гал алдах” эрсдэлтэй нүүр тулахгүй гэх баталгаа алга.

2022 онд эрчим хүчээ 224 төгрөгөөр үйлдвэрлэж байсан Монгол Улс өнөөдөр 243 төгрөгөөр үйлдвэрлэчихээд, 175 төгрөгөөр зарсан хэвээр байна. Үйлдвэрлэлийн  өртөг зардал ийнхүү өссөн байхад дампуурахгүй гэж үү. Энэ тооноос эрчим хүчний үнийг нэмэх зайлшгүй шаардлагатайг харж болох билээ.

Ядаж өртөгтэйгөө ижил, доод тал нь 224 төгрөгөөр зарах хэрэгтэй юм. Цаашлаад 230, 240 төгрөгөөр зарж байж эрчим хүчний салбарыг илүү ашигтай ажиллуулах боломж бүрдэхийг энэ салбарынхан хэлж байна.

Эрчим хүчний салбар хараат бус, бие даасан байх ёстой. Тиймээс эрчим хүч тусгаар тогтнолын баталгаа юм шүү гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй.

Шийдвэр гаргах түвшинд аль нэг нам, улс төрийн хүчнээс үл хамаарч, энэ салбар алдагдалгүй ажиллаж байж бид тасралтгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах учиртай. Улмаар эрчим хүч бол бидний аюулгүй байдал гэж алсын хараа болгон хараад, шийдвэр гаргах хэрэгтэй юм.

Эдийн засагчид, салбарын мэргэжилтнүүд энэ салбарыг эрсдлээс сэргийлэх, хүн амын эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг бүрэн, баталгаатай хангахын тулд бүтцийн босоогоос гадна хэвтээ задаргаа явуулах хэрэгтэйг хэлж буй юм. Үүнд:

-эрчим хүчний үйлдвэрлэлийн олон шинэ нийлүүлэгч, түгээгчтэй болох,

-дамжуулах компанидаа хөрөнгө оруулалт хийж, хүч чадлыг нь нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах,

-нүүрсний уурхай, цахилгаан станцуудын үйл ажиллагааг ашгаар нь хэмжих,

-үнийг наад зах нь зардлаа хасаад, 10 хувийн ашигтай байхаар тооцох,  шаардлагатайг онцолж буй юм.

-бүх компанийн хувьцааны 51 хувийг хөрөнгийн бирж дээр борлуулж, нэг эзэмшигч таваас илүү хувь авахгүй байхаар зохицуулвал зардлын хяналтын тогтолцоо бүрдэнэ гэж эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Зөвхөн ашигтай салбарт л хөрөнгө оруулагчид, шинэ тоглогчид орж ирдэг. Гашуун туршлагаасаа суралцаж, зах зээлийн үнэлгээнд шилжүүлж, эрчим хүчний салбараа аварч, эдийн засгаа эрчимжүүлэхгүй бол Монгол Улс гал алдахад ойрхон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу