Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудад холбогдох хэргийг өнгөрсөн Баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга асан Б.Алтанцом нарт холбогдох “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх хэргийг хэлэлцсэн байна.

Шүүхээс Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин Б.Алтанцоожид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, Л.Бямбасүрэн, Б.Алтанцоож нар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн.

ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхнасан дэмжлэг болгож 20 сая төгрөг авсан ч 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон гэх хэрэгт холбогдсон байдаг юм.

Мөн ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т 2021 онд Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд “МИАТ” ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу