Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Уг уламжлалын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч нар хийгээд Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд тус хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Доржсүрэн:

“Өвөрхангай аймгийн Бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой. Тухайлбал, Хархорум хот тэртээ XIII зуунд улсын нийслэл болж байсан түүхтэй. Мөн ирээдүйд шинэ Хархорин хотыг бүтээн байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу захиргааны байгууллага байгуулагдаж, газар нутгийг тодорхой хэмжээгээр улсын тусгай хэрэгцээнд авах ажил өрнөж буй. Цаашид зам харгуй барих, дэд бүтцийг хөгжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж буйд нутгийн иргэд маань талархаж байна. Нөгөөтээгүүр нийслэлийн удирдлагууд жил бүр нийслэлийн анхны шав тавьсан газраа ирж, хүндэтгэл үзүүлдэгт нь Өвөрхангай аймаг, тэр дундаа Бүрд сумын иргэд маань таатай хандаж, хүндэтгэн хүлээн авдаг” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу