Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн 684 дүгээр магадлалтай, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, Р.Булгамаа, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүгдэгч Б.Ганбаярын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна.

Түүнийг Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутгасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасан нээлттэй хорих ангид 4 жил хорих, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.

Мөн Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас улсад 112 сая төгрөгийн хохирол учирсан тул түүнээс 82 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт олгохоор шийдвэрлэсэн. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээс, мөн 20 сая төгрөгийг Д.Эрдэнэбаярын ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгохоор шүүгч тус тус шийдвэрлэсэн юм.

Эрүүгийн хуулийн 22.1.1 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.4.1 Нийтийн албан тушаалтан хахууль өгөх Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.5 Хахууль өгөх 1 дүгээр заалт: өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу