Чоно борооноор гэдэг үгтэй. Энэ нь муу хүн үргэлж сиймхийг харж хөдөлдөг гэсэн утгатай үг юм. Хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэд усан борооноор аймгийн төвд 50МВт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх ёслол боллоо. Уг нь 50МВт хүчин чадалтай дулааны станц гэхээр сайхан л сонсогдоно. Гэхдээ Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрлах 400 сая тонны нөөцтэй “Хужирт” чулуун нүүрсний ордыг ашиглуулах “барьцаа”-тайгаар дулааны станцын ажил эхэлж байна.

Энэ арга хэмжээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газрын гишүүд Сэлэнгэ аймагт ажиллах үеэр болжээ. Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд уг арга хэмжээнд оролцсон байгаа юм.

“Хужирт” чулуун нүүрсний төсөл нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт, Түшиг сумаас зүүн тийш 15 км-т, Улаан-Овоогийн нүүрсний уурхайгаас зүүн тийш 25 км-т, Зэлтэр боомтоос мөн зүүн тийш 4 км-т байрладаг. Зэлтэрийн заставын дэргэд Монгол Улс, ОХУ-ын хил дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулахаар “Илч хужирт” ХХК хөрс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

“Илч Хужирт” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, Гүйцэтгэх захирлаар нь Ж.Чулуунбаатар бүртгэлтэй бол Будын Очирбат, Лхагвын Чинбат нар тус компанийн хувьцааг эзэмшиж байна. Очирбатын аав Чулууны Буд анх тус компанийг эзэмшдэг байсан бөгөөд хүүдээ компаниа шилжүүлэн, сүүлд хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийг үүсгэн байгуулагч Л.Чинбат бүртгүүлсэн байдаг.

Түшиг сумын малчдын хаваржаа, намаржаа, газар тариалан эрхлэгчдийн газар “Илч Хужирт” ХХК-ийн лицензийн талбайд багтсан байгаа нь.

“Илч Хужирт” ХХК-ийн хувь эзэмшлийн байдал.

Саяхан л Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд адууг нь хөөлөө гэх шалтгаанаар мотоцикльтой залууг дайрахыг завдсан гэх “ял”-д унаад буй Хөдөлмөрийн баатар Лхагвын Чинбатын шунал газар тариалан, адуу малаас хальж нүүрсний орд газрыг эзэмшихээр ийнхүү хөдөлж эхлээд байна.

Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбат өнгөн дээрээ телевиз, мал аж ахуй, газар тариалангийн цэвэр хөдөлмөрөөр амьдардаг мэт харагдах ч Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгуудад алтны болон бусад чиглэлийн 17 лицензтэй луугар “амьтан”. Үүн дээрээ нүүрсний орд эзэмших их хүслээ биелүүлж байна. Тэрбээр Сэлэнгийн хэд хэдэн суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, эрчимжсэн мал аж ахуй үхэр сүрэг үржүүлдэг. Тариалангийн талбай болон уулын амыг төмөр тороор хашаалан авч бусад малчдад малаа бэлчээх газар үлдээгээгүй талаар нутгийн иргэд гомдолтой байдаг. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг энэ.

Түшиг сумын малчдын хаваржаа, намаржаа, газар тариалан эрхлэгчдийн газар “Илч Хужирт” ХХК-ийн лицензийн талбайд багтсан байгаа нь.
Түшиг сумын малчдын хаваржаа, намаржаа, газар тариалан эрхлэгчдийн газар “Илч Хужирт” ХХК-ийн лицензийн талбайд багтсан байгаа нь.

“Илч Хужирт” ХХК-ийн MV-00020927 лицензийн дугаартай, үйл ажиллагаа явуулахаар болсон Хужирт талбай нь 1794.81 га-г хамардаг. “Илч Хужирт” ХХК нь тус лицензийг 2017.09.26-ны өдөр авсан бөгөөд 30 жил ашиглах юм байна. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ИТХ нь 2022 онд дэмжээгүй бөгөөд, багийн ИНХ мөн дэмжихгүй байгаагаа удаа дараа аймагтаа хүргүүлсэн ч МАН-ынхан сүр хүчээрээ далайлган нутгийн иргэдийн эсэргүүцлийг ч үл огоорон ханцуй шуун дайрч байгаа нь энэ. Иргэдийн уулзалтын үеэр Л.Чинбат, Б.Очирбат нарт сумын иргэд дэмжихгүй гэдгээ хэлсэн ч дулааны цахилгаан станцаар барьцаалан ийнхүү адын хүслээ биелүүлж эхлээд байна.

Түшиг сумын хэдэн тариаланчийн газар, малчны хаваржаа, намаржаа лицензийн бүсэд хамаарч байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сум даяараа малаа хужирладаг ганц газрыг нь уурхай болгочихвол малаа хаана хужирлах болж байна аа. Нутгийн итгэд, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрүүдийг сонсолгүй дур мэдэн шийдвэр гаргаж “хүчиндэх” болсонд нутгийнхан дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Монголын Швейцарь гэгддэг Зэлтэр нутаг ийнхүү нүүрсний уурхай болж үзэсгэлэнт байгаль үгүй болох нь.

Тус суманд Улаан овоогийн нүүрсний уурхай бий. Дархан, Сэлэнгэ, төвийн бүсийг эрчим хүчний нүүрсээр хангахаар анх үйл ажиллагааг нь эхлүүлсэн ч үр дүнд хүрэлгүй зогссон байдалтай байна. Нэг уурхайн үр шимийг хүртэж чадаагүй байж дахин нүүрсний уурхай нээхээр улайрч байгаад бухимдаж байгаа юм. Хариуцлагатай уул уурхайг хариуцлагатай хийх бус дахин малын бэлчээр, газар тариалангийн газар руу ховдоглон дайрч байгаа нь энэ.

Ургацийн гол зам болон Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 130.85 км хатуу хучилттай авто замыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр бүтээн байгуулж эхэлсэн. Гол зорилго нь иргэдийг цэвэр улаанбуудайгаар хийсэн бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх боломжийг нээлгэхэд оршиж байсан юм. Гэтэл дөнгөж баригдаж дуусч буй авто замаар өдөр шөнөгүй нүүрс ачсан том оврын машинууд давхилдаж шинэ замыг нь там болгох өдрүүд ойрхон байна. Эцэст нь энэ зам ургац тээврийн зам бус анхнаасаа нүүрс зөөх зориулалтаар барьж байсан зам байв уу гэдэг хардлагыг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлэн дотооддоо хүнсээ бэлтгэдэг үндэстэн болохыг уриалж, төрийн бодлого болгон зарлаж байхад газар тариалангийн бүс нутгийг нь уурхайн нүх болгохоор улайрч байгаа нь хэний ашиг сонирхол вэ. “Хүнсний хувьсгал”-аа эхлүүлнэ гэж байгаа бол газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахаас эхлэмээр байна, Ерөнхийлөгч өө. Эрүүл хөрсөнд ургасан гурил идэх үү, уурхайн түйрэнд дарагдсан улаан шороотой гурил идэх үү гэдэгтээ тулж байна.  Уурхайн ажил эхэлбэл Түшиг сум бүхэлдээ шороонд дарагдана. Малчид амьдрах боломжгүй, газар тариалан эрхлэгчид Түшиг сумыг хаяж нүүхээс өөр аргагүй байдалд хүрнэ.

Уг уурхай ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн сумдын уурын зуухууд 50 хувийн хөнгөлөлттэй нүүрс хэрэглэнэ гэсэн яриа бий. Дэргэд нь Улаан овоо, Шарын голын нүүрс бэлээхэн байхад заавал малчид, тариаланчдын газар руу хуруу гараа дүрж ховдоглон хомхойрч байгаа нь маш том эрх ашиг байгааг илтгэж байгаа юм.

Сэлэнгэ аймагт Болд төмөр Ерөө гол, Бороо гоулд тэргүүтэй томоохон уурхайгаас эхлээд жижиг уурхайнууд үйл ажиллагаа явуулдаг ч нутаг оронд өгсөн үр шим байдаггүй. Эрх мэдэл, албан тушаалаар халхавчилсан хэдэн хүний эрх ашиг, нүүрс ухаж хэмжээгүй баян болох гэсэн “Илч хужирт” ХХК-ийн бусармаг үйлдлийг буцаах хүч ард түмэнд байсангүй. Өнгөн дээрээ ард түмэн бүхний хүч гэдэг ч эрх ашиг дээрээ нэгдэхээр ард түмнийхээ үгийг хумхийн тоос мэт боддог дарга нараасаа Сэлэнгэчүүд салах цаг болжээ. Хуудуутай “Илч хужирт” ХХК-иар ч мөн нүүрсээ ухуулахгүй байх тал дээр анхаарах ёстой болоод байна.

400 сая тонны нөөцтэй нүүрсний уурхайгаар “бадар” барьдаг Сэлэнгэ аймгийн удирдлагууд ард түмэндээ үнэн төрхөө харуулж эхлээд байгаа юм. Орон нутгийн иргэдийн хэлсэн үг, эсэргүүцэл УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудын чихэнд хүрсэн ч хаданд орилсон цуурай мэт замхарч байна. Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр нутгийн иргэдийн зүгээс “Хужирт”-ын уурхайг ашиглуулах үгүйгээ орон нутаг өөрсдөө шийд гэсэн бөөрөнхий хариулт өгсөн байгаа юм. Тэгвэл аймгийн удирдлагууд өөрсдийн дураар нутгийн иргэдийнхээ хүсэл, санаачилгыг үл огоорон ийнхүү нүүрсний уурхайн ажлыг эхлүүлж, шанд нь Дулааны станц бариулахаар бадар барьж, 400 сая тонны нөөцтэй нүүрсний уурхайгаагаар хадаг барьж байна.

Э.ТЭРГЭЛ

3 САНАЛ

  1. Нөгөө мөнгө угаадаг гээд байгаа МИТАЙМ гэх компани чинь энд бас тоглолт хийж байгаа гэнэ

  2. , одоо эрчим хүч хүнпрэлтэй ийм үёд аль бодох бзх боломжоо ашиглаж сьанц бариулах хэрэгтэй!!! Хөрөнгөө оруулъя гээд ирж байгаа хүмүүсийг ашиглаад юмаа бариад аюах хэрэгтэй. Пздааа НӨР ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙХГҮЙ , ХҮНИЙГ БАС ЮМ ХИЙЛГЭХГҮЙ!!!!! ХҮЙ НЭГЖПЭЛЭЭРЭЭ БАЙХ ЁСТОЙ МАЛНУУД ЮМ УУ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу