Өнгөрсөн наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр болсон билээ. Эл баяр болсон гурван өдрийн хугацаанд нэг асрыг 880 мянган төгрөгөөр түрээсэлжээ. Ердийн үед нэг асрыг 350 мянгаар түрээсэлдэг байхад номын баярыг ашиглан луйвар хийлээ хэмээн ном бүтээгч, зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд үзэж буй аж. Энэ талаар өнөөдөр (2023.09.19) тэдний төлөөлөл мэдээлэл хүргэж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

“Адмон” компанийн захирал Р.Энхбат “Сүүлийн жилүүдэд “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага асрын түрээсийн үнийг үндэслэлгүйгээр нэмж байна. Асар түрээсэлдэг хувь хүн байгууллагуудаас үнийн судалгаа хийхэд нэг асрын гурван өдрийн түрээс 300-350 мянга төгрөгийн ханштай байна.

Гэтэл “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага нэг асрыг 880 мянган төгрөгөөр түрээслүүлсэн. Хуучин номын худалдаачид нэг асрыг нийлж түрээсэлж байна. Түрээс өсөх хэрээр номын үнэ хямдруулах боломжгүй. Түрээсийн өртөгт анхаарах хэрэгтэй байна. Заавал гадаа хүйтэнд, чимээ шуугиан ихтэй орчинд зохиохын оронд Соёлын төв өргөөнд зохион байгуулах боломжтой шүү дээ.

Энэ мэтчилэн ном бүтээгчдэд хүндэтгэлгүй хандахаа болимоор байна. Нэгэнт төр ивээлдээ авч байгаа юм бол татвараас чөлөөлөх, мөн ном бүтээгч хэвлэлийн газрууд уран бүтээлчдийг дэмжих хэрэгтэй байна” гэв.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу