Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 1000 төгрөг болгох асуудал наймдугаар сараас яригдаж эхэлсэн. Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур хэвээр. Чиглэл бүрд явж буй автобусны тоо болон үйлчилгээний чанар олон жил иргэдийг бухимдуулсаар.

Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зарим чиглэлийг богино эргэлтэд шилжүүлж буй. Ингэснээр нэг удаа 500 төгрөгөөр автобусанд суудаг байсан иргэн хүрэх газраа очтол хоёроос гурван удаа 500 төгрөгөөр сууна гэсэн үг. Гэтэл 1000 төгрөг болбол иргэдээс гарах зардал мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгийн хувьд хүндрэл дагуулах нь ойлгомжтой. Ингэснээр хувийн унаагаар зорчих магадлал нэмэгдэх нь мэдээжийн зүйл.

Энэхүү асуудалд  Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Судалгаагаар үйлчилгээ үзүүлж буй жолооч болон бусад зардлуудаа бодоход 1300 төгрөгийн зардал гардаг. Бид нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал асуулга авсан. Иргэдийн 60-аас дээш хувь нь дэмжсэн үзүүлэлттэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг төр болон хувийн хэвшлийн нийт 18 байгууллага бүртгэлтэй байдаг. Эдгээрээс өөрсдийн дотоод нөөц боломжоороо парк шинэчлэлт хийх боломжтой байгууллагууд байна. Мөн боломжгүй байгууллагууд ч бий. Нийслэл хотод 450 гаруй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот өөрийн төсөв хөрөнгөөр өнгөрсөн гурван жилийн хугацаанд парк шинэчлэлтийг хийсэн байна. 2023, 2024 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 800 автобусыг парк шинэчлэлтийг хийнэ. Энэ оны арван хоёрдугаар сар гэхэд үндсэндээ 800 автобус үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна. Тэгэхээр 2023 оны сүүл гэхэд 1200 гаруй автобус бүрэн шинэчлэгдэнэ” гэв. Автобусны тоо нэмэгдсэнээр түгжрэл буурна гэсэн тооцооллын ард үйлчилгээгээ сайжруулах шаардлага зайлшгүй гарна” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл уг асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Баянгол дүүргийн иргэн Г.Одхүү:

-Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээ огт сайжраагүй. Өглөө автобусны буудал дээр хүмүүс эхний унаанд л амжиж сууж байж хичээл сургуульдаа хоцрохгүй очдог. Уг нь хот метротой, зам тээврийн ерөнхий зохицуулалттай байвал… Ажилдаа хоцрохгүйн тулд 1000 төгрөг байтугай 3000, 4000 төгрөгөөр ч зорчиход гомдолгүй. Хотын замыг мянга өргөтгөсөн ч, автобусыг нэмж, гоё ганган болгосон ч түгжрэл буурахгүй. Хүмүүс хоцорсоор, зам тээврийн осол гарсаар л байна.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганчимэг:

-Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжгүй, стандартад нийцээгүй, хэтэрхий хуучирсан, засвар үйлчилгээ муутай, цэвэрлэгээ хийдэггүй бохир, тав тухгүй гэж дүгнэнэ. Автобусны хүртээмжийг нэмж байж тарифыг нэмбэл зүгээр байна. Тариф, хүртээмжээ нэмж хүмүүс автобусаар зорчихыг илүүд үзэх хэмжээний орчин нөхцөлтэй, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Үнэ нэмээд одоо байгаагаас илүү дээр л болох ёстой. Одоо байгаа шиг байвал хэн ч 1000 төгрөгөөр автобусанд суухыг хүсэхгүй.

Энэ мэтчилэн иргэдийн сэтгэл дундуур байна. Тэд автобусны хүртээмж, үйлчилгээ одоогийнхоос мэдэгдэхүйц сайжирсны дараа үнээ нэмбэл халаглах зүйлгүй гэлээ.

Үнэхээр л бид цаг хүлээсэн автобусанд багтах үгүй нь эргэлзээтэй, амжих үгүй нь бүрхэг өдрүүдийг туулж байна. Амжаад орсон ч хөдлөх зайгүй хүнтэй, бүлээцэх илчгүй хүйтэн байгаа нь нууц биш.

Энэ бүхний ард түгжрэхгүйгээр, хүн багатай, тоос шороо бургихгүй автобусанд суувал ₮1000 болсон ч үгүйсгэх зүйл алга даа.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу