18:30 ЦАГ НЭМЭЛТ: 

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал есөн цаг үргэлжилсний эцэст дуусаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж байна.

Шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг гэм буруутайд тооцжээ. 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг прокурор руу буцаах хүсэлтийг тавьж, Б.Ганхуяг “Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Иймд хамтран ажиллах хүнээр намайг тогтоож, намайг болон миний ар гэр, хамаатан садны хамгаалалтад авч өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй.

Улмаар тэдний гэм бурууг шүүх хурлыг энэ сарын 28-ны 14:00 цагт явуулахаар товлосон байна. 

Энэ талаар шүүхийн албан ёсны сайтад “Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт товлолоо” гэжээ.

14:00 ЦАГ НЭМЭЛТ: 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тайлбар хэлж байна.

Тэрбээр “Нөгөө нүүрсний хэрэг, 40, 50 их наяд хаана байна. Том оффтейк гэрээ, хил гааль, тээвэр хаана байна. 1 тонныг 40 ам.доллароор гаргаж байсан чинь 400 ам.доллар болгосон гэсэн. Зүгээр л хашаа ярилаа, тендерт урьсан хэрүүл ярилаа. 68 хүнийг авч ирж хийсэн. Одоо ганцхан намайг байлгаж байгаа. Үнэхээр нүүрсний хэрэг илрүүлэг гээд байгаа бол би гомдолгүй ээ. Хамаагүй. Шалгаад бай. Гэхдээ үүн дунд том асуудлууд байна. Намайг анх жагсаал цуглааныг зохион байгуулсан, турхиосан, санхүүжүүлсэн гэж баривчилсан. Өнөөдөр 9 сар 13 хоног болж байхад жагсаалын тухай нэг ч үг асуугаагүй. Мэдүүлэг аваагүй, хэрэг үүсгээгүй. Жагсаалын хэрэг хаана байна вэ гэж асуухаар цагдаагийн байгууллагад байж магадгүй гэдэг.

“Нүүрсний” хэргээр би маш их мэдүүлэг өгсөн. Нүүрсний тендер гээд 300 гаруй, нүүрсний гэрээ гээд 400 гаруй бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дахь ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм бэ. Яагаад надаас юу ч асуухгүй байгаа юм бэ.

АТГ надаас асууж байгаад дутуу орхисон 4, 5 мэдүүлэг бий. Тэд нар хаана байгаа юм бэ. Жорлонгийн хэрэг надад үүрүүлж явуулангуутаа араас нь жагсаалын, нүүрсний, оффтейкийн хэрэг гэж орж ирэх гэж байгаа бол би 100 жилийн ял авах юм байна.

Маш муу найруулсан жүжиг яваад байна. Энд байгаа 11 хүний хэрэг дандаа зохиомол, хилс хэрэг. Хэлмэгдүүлэлт явж байна.

Яагаад Т.Аюурсайханыг оруулж ирж байгаа вэ гэхээр над дээр байгаа хэрэг жижигдээд байгаа байхгүй юу. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гээд том зүйл авч ирээд тавьчихсан. Тийм гэмт бүлэглэл энд байхгүй. Манай өмгөөлөгч нар сүртэй, сүртэй зүйл яриад байна. Тийм зүйл огт байхгүй.

Би Эрдэнэс Тавантолгой ХК-нд 2007 оноос хойш ажиллаж байна. Тэр үед Аюурыг би таньдаггүй байсан шүү дээ. Бид хоёр 2013 онд танилцсан. Юун Аюурын зохион байгуулалттай гэмт бүлэглэлд орох. Аюур “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэж мэдэхгүй. Энэ нөхөр тэнд очиж ч үзээгүй. Яахаараа би бүлэгт нь элсчихдэг юм бэ.

Хүсэлт гаргах гэж байгаа тул хүсэлттэй холбоотой зүйлсээ ярьж байна. Өөрийн болон ар гэр, хамаатан садан, бүх зүйлдээ хамгаалалт хүсэж байна.

МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүд шүүгдэж байгаа учраас энэ байгууллагаас анхаарч, төлөөлөл ирэх ёстой. Ингэж байж над дээр ахиж хэрэг үүсэхгүй, эрх зүйн байдал маань дордохгүй байх ёстой.

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 300 гаруй гэрээ, 200 гаруй тендерийг шалгаж маш их хэмжээний баримт бүрдүүлсэн. Тээвэр, хил гаальтай холбоотой маш их мэдээлэл авсан. Логикийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ямар гэрээ, тендерийн асуудал байхгүй, хэрэгсэхгүй болох нь тодорхой болсон.

Үндэсний аудитын газраас дөрвөн жил дараалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийсэн. Сангийн яамнаас байнга шалгалт орж байгаа. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газар, ТЕГ, АТГ, ЦЕГ-ын ажлын хэсгүүдийн, УИХ-ын ажлын хэсгүүдийн шалгалт орж байгаа. Эдгээр шалгалтуудаар бүгд зөвтгөгдсөн учраас надад тендертэй холбоотой асуудал байхгүй. “Хишиг арвин индустриал” ХХК зэрэг маш олон компанитай холбоотой  тендерийг ч шалгасан. Асуудал байхгүй учраас Х.Батхишигтэй хамааралгүй болсон. Тиймээс би АТГ болон прокурорын байгууллагад санал тавих гэж байгаа юм.

Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Иймд хамтран ажиллах хүнээр намайг тогтоож, намайг болон миний ар гэр, хамаатан садны хамгаалалтад авч өгнө үү” гэдэг хүсэлт өгч байна.

Миний эрх зүйн байдал дордож байна. Шоронд зүгээр л хоног өдрийг хороож байна. Миний амь насыг хэн хамгаалах юм бэ. Миний гэр бүл л хамгаална. Намайг 2017 оноос л хойш шалгалаа шүү дээ. Би угаасаа шалгуулахын одонд төрсөн” гэлээ.

Үүний дараа Прокурор Д.Даваадорж “Б.Ганхуягийн тухайд нотлох баримтад тулгуурлан ярих нь зүйтэй болов уу. Мэдээж нотлох баримт шинжлэн судлахгүй ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан материалыг тодорхой дурдаж хэлбэл зүйтэй. Олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц нотлох баримтгүй зүйл ярьж байна гэж үзэж байна. Та бол үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авах, бусдад давуу байдал бий болгох замаар багцаалж хэлбэл 50 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй болов уу” хэмээлээ. 

11:30 ЦАГ НЭМЭЛТ: 

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өмгөөлөгч нарын санал хүсэлтээр үргэлжилж байна. Энэ үеэр Т.Аюурсайханы дөрвөн өмгөөлөгч үг хэллээ.

Хамгийн эхэнд өмгөөлөгч Н.Цэцэгмаа хэрэгт авагдсан үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн нарийн нотолж тодруулах шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах саналыг гаргав.

Үүний дараа өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “Т.Аюурсайханы гэх морины жүчээ бол малын хашаа, саравч. Бидний хэлдэгээр өвөлжөө юм. Үүнийг 74.7 сая төгрөг гэж зохиомлоор үнэлсэн. Хөрөнгийн шинж чанарыг тодорхойлох ажил хийгдээгүй. Энд байгаа зураг бүхнийг тодорхойлж чадахгүй. Ингэж хүнийг яллаж болохгүй” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Өмгөөлөгч П.Баасандорж “2023 оны долдугаар сарын 28-нд Т.Аюурсайханыг 338 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримтыг нэмэгдүүлж, яллагдагчаар татсан тогтоол гаргасан. Энэ тогтоолд өглөө 10.00 цагт гомдол гаргасан. Хариу нь үдээс хойш 14.00 цагт гарч ирсэн. Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргал хариу өгч, уг хариуд гурав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн. Ингээд УЕП-т гомдол гаргасан. Гэтэл үүнтэй зэрэгцээд “Хэргийг шүүхэд шилжүүлчихлээ, хүнээ авч ир” гэсэн. Т.Аюурсайханы хэргийг шилжүүлж байвал болоо гэсэн шиг УЕП, Нийслэлийн прокурор нүдээ аньсан. Т.Аюурсайханы гаргасан гомдлыг огт хянаж, хэлэлцдэггүй” гэв.

Эцэст нь өмгөөлөгч Д.Нямдорж: “Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа. Өнөөдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн яллах талыг барьж явагдсан. Хуулиар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл тэгж чадаагүй.

Миний үйлчлүүлэгч 5-22 хуудас бүхий бичгэн тайлбарыг баримтуудын хамт холбогдох байгууллагуудад гаргаж өгсөн. Мөн холбогдох шалгалтуудыг хийлгэх хүсэлтээ өмгөөлөгч нараараа дамжуулан удаа дараа гаргаж байсан. Гэвч шалгаагүй.

Шалгах ёстой байсан үйл баримтуудыг дурдъя.

Нэгдүгээрт, миний үйлчлүүлэгч 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон. Хил хамгаалах газрын лавлагаагаар энэ нь тогтоогддог. Хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж  бий болгосон.

Хоёрдугаарт, ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө ч нэмсэн өндөр үнэ бүхий маркийн цуглуулгатай. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж багагүй хэмжээний орлого олсон. Энэ талаар анхнаасаа мэдүүлэгтээ дурдсан. ХОМ-тээ ч мэдүүлсэн. 2017-2021 оны хооронд 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олсон талаар хэлж мэдүүлсэн. Үүнийг шалгах боломжтой эх сурвалжуудаа зааж өгсөн. Харамсалтай нь шалгах ажиллагаа хийгдээгүй. 2022 онд 40 сая төгрөгийн маркаа худалдаалсан. Худалдаж авсан хүмүүсийг тодорхой хэлж өгсөн. Хууль ёсны хөрөнгийн эх үүсвэрүүд юм.

Гуравдугаарт, 2017 онд зарим УИХ-ын гишүүдийн хамт Чили болон Перу улсад зорчихдоо тодорхой үнээр худалдаж авсан хоёр ширхэг номин чулууг Монгол Улсын хилээр оруулж ирсэн байдаг. Бага хэмжээтэй чулуугаар нь өөртөө хөөрөг хийлгэсэн. Энэ хөөрөг гэрт нь үзлэг нэгжлэг хийх үеэр гарч ирсэн. Хэргийн материалд гэрэл зураг нь бий. Том хэмжээтэй номин чулууг нь н.Даваажав гэх хүнээр дамжуулан БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор худалдаалсан. Энэ мэтчилэн шалгаж болох маш олон үйл баримтуудыг шалгаагүй” гэлээ.


10:00 ЦАГ НЭМЭЛТ: 

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд шүүгдэгч Т.Аюурсайхан “Шүүхийн тамгын газраас энэ шүүх хурлын талаар албаны мэдээ нийтлэхдээ “нүүрсний” гэх тодотголтой гэж зарлаад байна. Энэ нь хуульд нийцэж байгаа юу. Бидний эрх ашгийг зөрчиж байна. Аливаа зүйл нэрнээсээ л эхэлдэг. Бид ямар нэгэн зүйлд хилсээр хэлмэгдмээргүй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Үүнд шүүгч “Та энэ гомдлыг өмнө нь гаргаж байсан. Тухайн үед шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн хэвлэлийн ажилтнуудад анхааруулсан. Хэрэг маргаанд ямар нэгэн байдлаар нэр оноож, томьёолохгүй байхыг сануулсан. Үүнээс хойш ийм алдаа гарсан гэж би үзэхгүй байна. Тиймээс энэ хүсэлт гаргагдсан” гэх хариу тайлбарыг өглөө.


Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал нэг удаа хойшилсны эцэст есдүгээр сарын 11-нд болсон билээ. Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг бүх шүүгчээс татгалзсанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. 

Эл шүүх хурлыг өнөөдөр /2023.09.20/ 09:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэхээр товложээ. 

Сануулахад,

  • Т.Аюурсайханыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр,
  • Б.Ганхуягийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллагпагчаар татаад буй.

Нүүрсний гэх хэргийн талаар Б.Ганхуягийн хэлсэн үгийг ЭНД, Т.Аюурсайханы хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.

Х.ТҮШИГ

4 САНАЛ

  1. Хүнийг гаднаас нь нүүр царайг нь харахад энэ хүн ямар хүн бэ гэдэг харагддаг юм ш дэ. Энэ Аюурсайхан бол яагаад ч намд, төрд ийм том албан тушаал бүү хэл доод төвшний ч албан тушаал хаших хүн харагддаггүй байсан. Нам тэгээд л явуулчих юм даа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу