Аавдаа машин бэлэглээд “Хүү нь баяжихаараа илүү том машин авч өгнө өө, аавдаа хайртай шүү” хэмээн нулимс дуслуулах залуугийн бичлэг олон хүний хайрыг татсан билээ. “Наран авто худалдаа” гэх фэйсбүүк хаягт нийтлэгдсэн тус бичлэгийг үзээд утас цохиж, “гол дүр”-тэй ярилцахаар болсон юм.

Түүнийг Батмөнхийн Ууганбаатар гэдэг. Тэр “Наран” авто худалдааны төвд борлуулалтын менежер хийдэг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт хоёр талын аав, ээжийнхээрээ долоо, долоо хоногоор ээлжлэн амьдардаг ажээ. Тэд залуу хосуудад тулгамддаг байрны асуудалтай нүүр тулж, зээл хөөцөлдөж эхэлсэн байна. Энэ хугацаанд хоёр хүүхэд нь нэг өвөөдөө дуртай, нөгөө өвөөдөө дургүй болчих вий гээд ээлжилж амьдарч буй нь энэ аж. Тэрбээр “Удахгүй байранд орчихно. Тэгэхээр өвөө, эмээ нь ач, зээ нараа харах гэж ирцгээх биз” хэмээн инээмсэглэн ярив.

Б.Ууганбаатарын аав анх 2018 онд машин авчээ. Тэр машин нь эвдэрч, сэлбэг нь ховор тул засаж чадаагүй аж. Тиймээс Б.Ууганбаатар цуглуулсан мөнгөөрөө өөрийн ажилладаг “Наран” авто худалдаанаас “Aqua” авч, аавдаа бэлэглэжээ. Гэхдээ тэр үүндээ ханаагүй, “Аав минь гэр бүлээ авч явахын тулд олон жил хар бор ажил хийсэн. Ээж минь Дулааны цахилгаан станцад ажилладаг юм. Намайг өсгөж, төрүүлсэн ачийнх нь хажууд энэ юу ч биш, яваандаа аав, ээжийгээ бүр гоё баярлуулна. Цалингаа хурааж байгаад энэ ондоо багтааж тэднийгээ гадагшаа аялалд явуулна. Ижий, аав хоёр минь мөнх амьдрах биш дээ” хэмээн ярьсан юм. 

н.Батмөнхийнх гурван хүүхэдтэй болсон ч золгүй явдал тохиолдож, Б.Ууганбаатар айлын ганц хүү болж үлджээ. Тиймээс тэр өөрөөс нь өөр аав, ээжийг нь гэх хүн байхгүй учир тэдэндээ чадлаараа анхаарал хандуулахыг хичээдэг аж. 

“Амьдралын чухал зүйлийг байр, машинтай болох гэж боддог байсан юм. Аавыгаа баярлуулснаас хойш гэр бүлийн аз жаргал хамгийн чухал гэдгийг ойлголоо. Сайн хүү, сайн хань, сайн аав байж цаг мөч бүрээ аз жаргалтай өнгөрүүлж байвал баян тансаг “тасарчихсан” амьдрах нь ч яахав” хэмээн ярих түүний яриаг видео хэлбэрээр хүлээн авч үзээрэй. 

Х.ТҮШИГ

ЗУРАГЛААЧ Ч.ДАШДОРЖ

ВИДЕО ҮЗЭХ:  

                 

 

15 САНАЛ

  1. Ийм ухаантай хүүтэй ээж аав эхнэр нь азтай юмаа.Маш зөв эерэг хүүхэд байна

  2. маш ухаантай хөөрхөн хүү байнаа эхнэр бас ухаантай сайхан бүсгүй юмаа гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайханыг хүсье

  3. Үр хүүхдүүддээ амьдрал ямар байдгыг мэдрүүлсэн учраас,хүү нь ухаантай хэрсүү суужээ.аав,ээжтэй адил хүүд баярлаж байна.манай залуучууд бүгд ийм сайхан бодолтой,сэтгэлтэй байгаасай.

  4. Жаргахаа хүрвэл ганцтай ч жаргана гэдэг үг байдаг шүү.Эцэг эхээ ачласан сайн хүү байна.

  5. мундаг ухаантай хүү бүх сайн сайханыг хүсэн ерөөе

  6. Хүүгээ хүнлэг сайхан хүмүүжүүлсэн аав ээжид баяр хүргэе .Санасан бүхэн нь бүтэж урт насалж удаан жаргаарай!

  7. ухаантай хүү бна баяр хүргэе

  8. Ухаантай хүү.”Ижий аав хоёр минь мөнх амьдрах биш дээ”…Гэр бүлд нь сайн сайхныг хүсье.

  9. Ухаантай сайн хүүд баярлалаа. Аав, ээж, хань үрсэд нь эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсье..

  10. сайн хүмүүжүүлсэн сайхан ухаантай хүү бна үхснээс үлдсэн гээд дураарай зангүй мундаг ухамсартай залууд аз жаргал элбэг хангалуун амьдрал бэлэгье

  11. Huurhun huu uhaantai .
    Zuvbodoltoi zuv amidarch yvaa
    Mundag zaluu bnaa.
    Uils ni butej yvaarai huu mini .

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу