ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ерөнхий сайдын зүгээс БНСУ-д айлчлахдаа нэг зүйлийг онцгойлон санал болгож тавьсан. Тэр бол Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог байгаач ээ, визгүй болгох эрх зүйн орчныг бий болгоход Монгол Улстай хамтарч ажиллаач ээ гэдэг саналыг тавьсан. Гэхдээ энэ саналыг тавихдаа тодорхой үндэслэлтэй тавьсан. Үндэслэл юу вэ гэхээр Монгол Улсын тухайд 2023-2025 оны Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд 30 гаруй улсыг визгүй болгосон. Монгол Улсад зорчихдоо визгүй байх нөхцөлийг хангасан. Тэгвэл үүнтэй ижил нөхцөлөөр эдгээр улсуудаас бид БНСУ-аас эхэлж саналаа тавьж байна гэсэн үг. Хоёр дахь түвшинд бид бусад улсуудад энэ саналыг тавина.

Энэ асуудлаар уулзалтууд ихээхэн үр дүнтэй болсон. БНСУ-ын Ерөнхийлөгч үндсэндээ улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд буюу имегрэйшний асуудал эрхэлсэн сайд бусад албан тушаалтнуудад албан ёсны үүргийг өгсөн. Монгол Улсын тавьж байгаа саналын дагуу визгүй болох нөхцөлийг судалж богино хугацаанд танилцуулах үүрэг нь албан ёсоор өгөгдсөн.

Энэ хүрээнд БНСУ-ын Хууль зүйн сайд буюу имегрэйшний асуудал эрхэлсэн сайд гуравдагуур сард Монгол Улсад айлчлах тов нь тогтлоо” гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу