Дундуур нь тенниснийх шиг тор татсан хагас нуман ширээн дээр хөлбөмбөгийнх шиг бөмбөгөөр тоглоно. Энэ бол теннис ч биш, хөлбөмбөг ч биш тэкбол. Гараас бусад биеийн бүх хэсгээр бөмбөгөнд хүрч болох энэ спорт тун сонирхолтой аж. 

Тэкболын спорт 2014 онд Унгарт үүсжээ. Ширээний теннис, хөлбөмбөг, волейболын нийлэмжээс гаргаж авсан аж. Харин Тэкболын олон улсын холбоо 2017 онд байгуулагдаж, үүнээс хоёр жилийн дараа буюу 2019 онд Монголын тэкболын холбоо байгуулагдсан байна.  Ийн хожуу үүссэн ч энэ спорт олон улсад хурдацтай хөгжиж буй юм. Тиймээс бид энэ талаар Монголын Тэкболын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Амарсанаагаас тодрууллаа. Түүний хувьд ширээний теннисний спортын мастер цолтой, тэкболын спортыг Монголд нэвтрүүлэн, хөгжүүлэхээр ажиллаж буй эрхэм юм. 

-Тун сонирхолтой харагдаж байна. Тэкболыг ямар дүрмээр, яаж тоглодог вэ?

-Орчин үед хамгийн хурдацтай хөгжиж, залуучууд олноор сонирхож буй спортын төрөл. Уламжлалт биш, энтэртаймэнт хэрбэрийнх учир залуус ингэж сонирхож байгаа байх. Тэкболыг жилийн дөрвөн улиралд тоглож болдог. Нас, хүйс, өндөр харгалзахгүй, гэмтэл бэртэх эрсдэл багатай. Монголчуудын бие бялдарт яг тохирсон спорт. Олон улсад ганцаарчилсан, дан хос, холимог хос гэсэн гурван төрлөөр тэмцээн явагддаг. Тоглоомын дүрмийн тухайд, гараас бусад биеийн бүх хэсгээрээ хүрч болно. Дээд тал нь гурван удаа бөмбөгөнд хүрнэ. Гурван сет буюу хэн эхэлж хоёр сет хожсон нь ялалт байгуулдаг. Ингэхдээ нэг сетэд түрүүлж 12 оноо авсан тамирчин нь хожих юм. 

-Спортын шинэ төрөл тул хөгжүүлэх гэж чамгүй цаг хугацаа шаардах байх. Олонд таниулах, мэргэжлийн тамирчдаа бэлдэх зэрэгт холбооны зүгээс ямар ажлууд хийж байна вэ?

-Бид тэкболын холбоогоо 2019 онд байгуулахдаа Олон улсын холбоонд элссэн.

2022 оны аравдугаар сараас Монголын спортын хамгийн ууган сургууль болох МУБИС-ийн Биеийн тамирын сургуультай тэкболыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.  Энэ хүрээндээ 2023-2024 хичээлийн жилийн спортын ур чадварын хичээлд тэкболын хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж, сургалтаа эхлүүлсэн. Сургалтдаа эхний ээлжинд 15 хүүхдийг шалгаруулж авсан. Эдгээр хүүхдүүдэд текболын спортын онол, арга зүйг зааж мэргэшүүлээд монголын анхдагч тамирчин, дасгалжуулагч, шүүгч болгох зорилготой. Мэргэжилтэн болсных нь дараа тэкболын спортоо хүлээлгэн өгөх юм.

Тэкбол нь хөлбөмбөгөөс үүсэлтэй тул манай холбооноос эхний ээлжинд футзалын 12, талбайн хөлбөмбөгийн гурван клубт тэкболын ширээ тараасан. Мөн Хэнтий, Дархан, Дорнод аймагт ширээгээ хандивласан. Ширээ тараасан газруудад удахгүй сургалтаа эхлүүлнэ.

Х.ТҮШИГ

ЗУРАГЛААЧ Ч.ДАШДОРЖ

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу