“Алтан өргөө” олон улсын кино наадам 2023 оны зургадугаар сард  Хятадын найруулагч Цяо Сикюэний “Хүй” хэмээх киногоор нээлтээ хийсэн. Тус кино энэ сарын есдүгээр сарын 15-наас Монголын кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд буй.

Өвөрмонгол найруулагч Цяо Сикюэн уг бүтээлийг найруулж, продюсероор Хятадын алдарт жүжигчин Яао Чуань ажиллажээ. Монгол /барга/ хэлээр бүтээгдсэн тус кино 2022 оны гуравдугаар сарын 17-ноос Хятадын бүх кино театрын дэлгэцнээ хятад хадмалтайгаар гарч эхэлсэн. Киноны зургийг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт авчээ.

Эл кино залуу найруулагч Цяо Сикюэний анхны уран бүтээл бөгөөд Парис дахь KOI Films компанид ажиллаж хэд хэдэн богино хэмжээний кинонд оролцож байжээ. Гол дүрүүдэд Хятадын Оскар гэгдэх “Алтан тахиа” цомыг “Норжмаа” киногоороо хүртэж байсан Бадмаа болон залуу уран бүтээлч н.Идэр нар тоглосон аж.

н.Идэр нь жазз, прогресив амьд хөгжмийн Nara Bara хамтлагийн дуучин бөгөөд тус кинонд бүтээж буй Алсаа-гийн дүрээс хол зөрсөнгүй. Алсаа бол электро хөгжмийг үндэсний хэв шинжтэй уялдуулан уран бүтээл туурвидаг уран бүтээлч аж. Гэвч түүний ээж хүүгийнхээ нэрийг үл санана. Альцгеймер буюу тэнэгрэх/зөнөгрөх өвчин туссан ээж, хуурч хүү хоёрын “Гэртээ харих…” аялал ийнхүү эхэлнэ.

Цөхрөл, өрөвдөл, учрал, нулимс сэтгэлийн түмэн долгис дунд урсаж ирэх амьдралын үнэнийг хүн ба байгалийн оршихуйтай хоршуулан үзүүлэхийг тус кино зорьсон аятай. Киноны эхлэлээс төгсгөл хүртэл эх хайрын дуугаар бөмбөгдсөнгүй. Монгол уран бүтээлчдийн нэг зовууртай мөн залхмаар алдааг давтаагүй нь нэн таатай. Харин хүүхэд аятай хөгшин ээжийн инээд хүргэм үйлдлүүдэд үзэгчдийн сэтгэл ихээхэн хөдөлсөн байх. Залуу найруулагч нүсэр зургийн талбай, олон жүжигчдийг хамарсан уран бүтээлээс эрс татгалзаж, зөвхөн ээж, хүү хоёрын хүйн нандин холбоогоор тус киног илүү амттай болгож чаджээ. Кино зураг авалтыг объектоос хамаарч хийгээгүй бөгөөд зохиол дээрх өрнөлийн дагуу хийж гүйцэтгэсэн аж. Энэ нь ч жүжиглэлтийг илүү амьтай, жүжигчдийн хооронд нандин холбоог үүсгэсэн биз ээ.

Тус бүтээлийг донжтой зураг авалт, нуршаагүй дотно харилцан яриа, мөн сэтгэлийн нандин цэгийг яг олоод хөндчихдөг минимал дуу хөгжмөөр бүтээжээ. Жүжигчид монгол хэлээрээ ярьж, голдуу буриад аялгаар хэлэлцэх нь нэн дотно. Монгол ахуйгаас зарим талаараа хөндийрсөн үндэстэн Монголжуу өнгө төрхийг сайн харуулжээ. Хааяахан эгшиглэх хуурын татлага, ардын дуу эх нутаг, соёл уламжлалыг сэдвээсээ давуулан холбосон байв.

Давс хужир нь таарсан бүтээл, даанч дарагдчихав уу. “Аримун” продакшны хоёр дахь бүтээл “Хүний ээж” кино энэ сарын 7-нд нээлтээ хийсэн билээ. Тус киноны маркетингэд дарагдчих шиг… Кино үзвэрийн газраар үйлчлүүлж буй үзэгчид “Ганчимэгийн тоглосон киног үзье”, “Хүний ээж киноны тасалбарыг авъя” гэх мэт яриа өрнөнө. “Хүй” кино нээлтээ хийснээс хойш 570 гаруй үзэгчид үзжээ. Энэ нь нэг талаараа залуу уран бүтээлчийн зовлон, монгол үзэгчдийн сул тал биз ээ.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу