Азийн хөгжлийн банк (АХБ)-наас “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн ээлжит тайланг өнөөдөр (2023.09.20) танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засгийн сэргэлт энэ онд үргэлжилж, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт ойрын хугацаанд хадгалагдахаар байгааг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд онцолжээ. Эдийн засгийн өсөлтийг гадаад эрэлт, экспортын сэргэлт, дотоод эрэлт дэмжихээр байгаа хэдий ч, өндөр инфляц, түүний эсрэг мөнгөний хатуу бодлого, дотоод санхүүжилтийн нөхцөл чангарсан зэрэг нь хязгаарлаж байгаа аж.

АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг танилцуулахдаа, 

“Азийн Хөгжлийн төлөв 2023 тайлангийн есдүгээр сарын шинэчилсэн дугаарт тусгаснаар 2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сард төсөөлсөн 5.4%- иас бага зэрэг өсч 5.7%, харин 2024 онд өмнөх 6.1%-ийн төсөөллөөс ялимгүй буурч 5.9% байх аж. Ирэх онд ДНБ-ий өсөлтийг уул уурхайн салбарын өсөлт, түүний тээвэр агуулах, үйлчилгээний бусад үйл ажиллагаанд үзүүлэх эерэг нөлөөлөл болон хувийн хэвшлийн зээл дэмжихээр байна” гэв.

Мөн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фэйбер, “Үнийн тогтвортой байдлыг хангах, ажил эрхлэлтийг сайжруулах, бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн дархлааг дэмжих нь ДНБ-ий өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгоход эергээр нөлөөөлнө” хэмээн онцлов.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ)-ын эдийн засаг дахин нээгдэж, түүний нөлөөгөөр экспорт сэргэсэн, төлбөрийн урсгал дансны тэнцэл мэдэгдэхүйц сайжирсан. Гадаад валютын улсын нөөц тогтворжиж улмаар нэмэгдсэн, гадаад өрийн эргэн төлөлтийн эрсдэл буурсан зэргээс шалтгаалж Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хүлээлт энэ оны эхнээс сайжирсан. Гэвч, инфляц өндөр хэвээр бөгөөд сүүлийн 27 сарын турш төв банкны зорилтот түвшнээс хэтрээд байна.

Энэ оны хоёрдугаар хагаст инфляц буурах хандлагатай хэдий ч, сүүлийн 12 сарын дундаж инфляц 2023 онд өндөр буюу 10.5%, 2024 онд 8.6% байх төсөөлөлтэй байгаа нь энэ оны 4 дүгээр сарын төсөөллөөс ялимгүй бага байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь “БНХАУ-ын түүхий эдийн эрэлт буурах, нүүрс, металлын үнэ унах, худалдааны шинэ хязгаарлалт, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан гадаад худалдааны тасалдал, санхүүжилтийн нөхцөл чангарснаас үүсэх эдийн засгийн сөрөг үр дагаврууд, дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал ба удаашрал, хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас гадагшлах зэрэг болно” хэмээн АХБ-ны төлөөлөгчид хэвлэлийн хурлаар танилцууллаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу