Тайз дэлгэцийн уран бүтээл үзэгчдийн сэтгэлийн гүн рүү нэвчихдээ дан ганц жүжигчний тоглолт, ая хөгжмөөс гадна зураачийн нөр их хөдөлмөрөөр амилдаг. Жүжгийн тайз, орчныг бүрэн дүүрэн болгодог эд юмсийг бүтээгч “тайзны зураач” О.Баярмагнайтай ярилцсаныг хүргэж байна.

Тайзны зураач гэдэг нь үзэгчдийн нүдэнд хоногшиж үлдэх дүр дүрслэл, орчин, оройн зайг бий болгодог хамгийн хариуцлагатай хэр нь хэний ч өмнө гардаггүй мэргэжил. О.Баярмагнайгийн хувьд монголын театрын тайзнаа тоглогдож буй маш олон жүжгийн зураачаар ажилласан. Тэрбээр есдүгээр сарын эхэнд Орфэй театрын бүтээл “Бүгд чамд хайртай” жүжгээр үзэгч олонтойгоо уулзсан юм. Мөн “Боржигон цэцэн”, “Мөнхийн галт цэцэг”, “Гэрэл асаа”, “Шар гэгээ”, “Жаргаагүй нар”, “Бүгд чамд хайртай” жүжгээр нийт зургаан удаа “Гэгээн муза” наадмын оны шилдэг тайзны зураач шагналыг хүртэж байжээ.

-Тайзны зураач гэх мэргэжилтэй анх хэрхэн учирсан бэ?

-Бага наснаасаа л зурдаг хүүхэд байлаа. Ээж маань одоог хүртэл миний багадаа зурсан зургуудыг хадгалсан байдаг. Түүнээс харахад гурван настай байхдаа загас зурсан байдаг юм. Миний анхны бүтээл тэр.

Түүнээс хойш сурагч насандаа хүүхэлдэйн киноны зураач болох сон гэх мөрөөдөлтэй болсон. Гэвч их сургуульд орохоор ирэхэд монголд тийм мэргэжил байгаагүй. Хүүхэлдэйн киноны зураачийн ажил хөгжөөгүй байсан. Боролдой театрын Мягмар ахаас өөр хүн байхгүй шахам. Хүссэн мэргэжилтэй маань хамгийн ойрхон нь тайз, дэлгэцийн зураачийн анги байсан юм. Тэгээд л СУИС-ийн театр киноны ангид орж байлаа. Түүнээс хойш эргэж буцалтгүй мэргэжилдээ дурлаж, одоог хүртэл ажиллаж байна.

-Тайзны бүтээл төрөхөд зураачаас ямар чадварыг илүү шаарддаг юм бэ?

Тайзны бүтээл бол тухайн уран бүтээлчээс илүү эрх чөлөө, лабораторийн ажиллагааг шаарддаг. Их олон талын мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй юм. Түүх гэхэд л бүх төрлийн түүхийг мэдэх шаардлага үүснэ. Эртний Грекийн жүжиг хийлээ гэхэд тэр түүхээ мэддэг л байх хэрэгтэй. Бас зүгээр л тайз хийдэг хүн гэж харж болохгүй. Энэ бол маш хариуцлагатай ажил. Бүх зүйл нь цаг  минутаар хэмжигдэж, хариуцлага дээр тогтдог ажил. Уран бүтээлчдийн амь тээж явдаг гэж хэлж болно.

-Зураач хүний хувьд хаанаас шинэ санаа, бүтээл хийх урам зориг авдаг вэ?

Энэ мэргэжлийн хүмүүс ер нь их өлөн шүү. Бүх юмнаас шинэ зүйлийг харж хайж явдаг. Би хувьдаа амьдралаас л хардаг юм. Бусдаар ийм зүйл, ийм орчин гэж байхгүй. Зарим бүтээлчид онгод гэж ч ярьдаг. Надад бол тэр талаарх ойлголт байхгүй. Нэг бол байнга онгодтой явдаг хүн эсвэл огт байхгүй хүн. Яаж тэр нь орж ирдэг юм үү мэд. Зүгээр л хийе, бүтээе гэсэн хүслээр дүүрэн, эрмэлзэлтэй л хүн гэж боддог. Уран бүтээлч хүн ч биш бүх зүйл хувьсаж өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр өглөө болгон шинэ сэрдэг байх хэрэгтэй. Тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, шинэчилж байх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрч л байгаа бол бүх зүйл өөр болно. Хийнэ гээд өдөр болгон л ажлаад байхын нэр бас биш. Тархиндаа ч хийж болно.

Да Винчи алдарт таазны  зураг 6-10 жил хийгдсэн гэдэг. Одоо тэрийг 10 жил хийгдсэн бүтээл гэдэггүй, зүгээр л Да Винчигийн алдарт бүтээл л гэнэ. Арван жил байна уу, арван сар, нэг хоног байна уу хамаагүй. Бүтээл л гэж ярина. Хэн юугаар хэрхэн хийсэн нь цаг хугацааны шалгуурт тийм ч сонин биш. Үр дүн л хамгийн чухал.

Орчин үеийн хүн бүх цаг үеийн хамгийн ухаантай хүн биш шүү дээ. Өчнөөн зуун жилийн өмнөх бүтээлийг өнөөдөр бид шинээр найруулаад л, тоглоод л явж байна шүү дээ. Тэгэхээр хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн ч агуулга хэвээрээ байна аа л гэсэн үг. Урлагийн нэг л хэл байгаа. Нэг л өнгөөр уйлна, нэг л өнгөөр баярлана. Орос, Америк, Япон байлаа гээд хүн гэж ганц л амьтан байгаа юм. Яахав үндэстний онцлог гэж байгаа болохоос биш урлаг нэг л зүйлийг хүнд хүргэхийг зорьдог.

-Тайз гэж яг ямар ойлголт вэ?

Ганц аяга ч тайз. Заавал том хэмжээний зүйл биш. Орчин үеийн тайзны урлаг миний харж байгаагаар агуулга гүнзгий болж байна. Нүсэр том зүйлээс татгалзаж байна. Жишээ авах олон жүжиг байгаа болохоор массаар нь л ярьсан нь дээр болов уу. Дизайнд илүү анхаарах биш дотоод мөн чанарыг дугаргаж эхэлж байна.

Тухайн жүжигт таарсан л бол тэр ямар ч зүйл байж болно. Бүр огт тайзгүй байсан ч болно. Ганц ширээн дээр нэг аяга тавиад түүнийг төгс хэмжээнд ашиглах, түүгээрээ жүжиглэх, ч боломжтой. Минималист засалт, тавилтууд дэлгэрч байна гэсэн үг. Үүнээс шалтгаалаад минимализм дэлгэрч байна гэж яриад байгаа юм. Харин би тэгж боддоггүй. Тэр чинь урсгал биш зүгээр л хэв маяг. Тэр тусмаа монголчууд өөрсдөө анхнаасаа минималист байсан үндэстэн. Илүү хог хаягдал гэж байхгүй бүх эдлэл хэрэглэл нь олон төрлийн үйлдэлтэй. Хөдөө айлд очиход ханын толгойд ганц дээс уяатай байж байдаг даа. Тэр нь бүх зүйлд хэрэг болдог. Шуудайны ам бооно, малын хөл тушна, бүс олдохгүй бол уячхаад гарна гэх мэт. Тэгээд өнөөх дээс нь мөн түүх өгүүлнэ. Аавын минь дээс, Өвөөгийн минь дээс. Энэ мэтчилэн холбогдож өгүүлэмжтэй болж ирнэ.

Дээсээр дамжаад эцэг хүү хоёрын холбоос явагдана. Дурсамж, хайр бүх зүйлийг нь харуулж чадаж байгаад нь урлагийн шинж чанар байгаа юм. Тэгэхлээр ганц дээс ч тайз байж болно гэсэн үг. Найруулагчийн гайхалтай шийдэл байж болно. Зураачийн бодож олсон ганц часхийсэн санаа ч байж болно. Өчүүхэн зүйлийг асар том зүйл болгож харуулах, асар том зүйлийг өчүүхэн зүйл болгож хувиргах чадалтай урлаг гэж боддог юм.

-Бүтээх юмсан гэж бодож явдаг зохиол бий юу? Энэ асуултаар яриагаа дуусгая гэж бодлоо

Байнга л бодож явдаг. Мундаг мундаг ноён оргилуудыг хийх хүсэл байнга л төрж явдаг. Уншиж мэдэрч дотор нь орж яваа олон зохиол бий. Одоо хамгийн ойр гэвэл Михаил Афанасьевич Булгаковын “Мастер, Маргарита хоёр” зохиолыг амилуулах ажил яригдаж байна.

Ер нь уран бүтээлч хүн байнга л мөрөөдөж явдаг. Мөрөөдөлдөө амьдарна, мөрөөдлийнхөө төлөө амьдарна. Мөрөөдөл байж л урагшаа явж байнга хэрэг шүү дээ. Мөрөөдөл үргэлж цэвэр ариун байдаг, гэгээлэг байдаг зүйл. 

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу