Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж буй. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож байна.  

Тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн аваргын мөнгө, хоёр хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичтай учраа таарч, 14:4 оноогоор цэвэр яллаа.

Ингэснээр манай тамирчин Дэлхийн аваргын шигшээ наймд шалгарч үлдлээ. 

Э.Дэлгэрмаа дараагийн барилдаанаа Канадын тамирчин Оливиа Ди Бако, Казакстаны тамирчин Елена Шалигина нарын ялсантай нь хийх юм. Оливиа Ди Бакогийн тухайд Пан Америкийн наадмын дэд аварга, Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний нэг алт, хоёр мөнгөн медальтай. Харин Елена Шалигина бол Олимпын хүрэл, ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт тамирчин юм. 

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдөж буй Дэлхийн аварга, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал эхний барилдаанаа Шведийн тамирчин Европын хошой аварга Ионна Малмгрентэй хийлээ. Харамсалтай нь, барилдааны турш Г.Отгонжаргал өрсөлдөгчтэйгөө олон мэхний оролдлогыг хийж, тун сайн барилдсан ч 6:3 оноогоор ялагдав.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу