Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж буй.  Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож байна.  

Өнөөдөр /2023.09.20/ манай таван тамирчин дэвжээнд гарч байгаа бөгөөд 72 кг-ын жинд  Э.Даваанасан, 68кг-ын жинд Э.Дэлгэрмаа нар алтын төлөө барилдахаар шалгарч үлдлээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Энх-Амарын Даваанасангийн хувьд эхний даваанд Полшийн тамирчин Наталья Стрзалкатай учраа таарч, 8:1 оноогоор илүүрхэн шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн дөрөвт шалгарах эсэх барилдаанд Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялсан юм. Харин 1/2 шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор хожиж, 72 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Манай тамирчин алтын төлөө маргааш Амит Элортой барилдана.

Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Коумба Ларрок нарыг ялж, хагас шигшээ шатанд шалгарсан. Харин 1/2 шигшээд АНУ-ын Эмма Брунтилтай учраа таарч, эхний үед 6:0 оноогоор хожиж яваад, цэвэр ялсан юм. Түүний алтын төлөөх барилдаан мөн маргааш болно. 

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу