Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-наас 26-ны өдрүүдэд Сербийн нийслэл Белград хотын “Stark Arena” хүрээлэнд үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 100 гаруй орны 1023 тамирчид чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн нийт 30 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Есдүгээр сарын 16-19-нд чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид өрсөлдсөн юм. Харин тус өдрөөс 21-ыг хүртэл эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн үргэлжилнэ. Энд “Парис 2024″олимпын наадамд өрсөлдөх 90 эрх, мөн гурван төрөлд олимпын 18 жин тус бүрд таван эрх олгох аж. Тэгэхээр хүрэл медалийн төлөө ялагдсан бөхчүүд олимпын эрхийн төлөө барилдана гэсэн үг юм. Одоогийн байдлаар 17 орны тамирчид олимпын эрхээ авчээ. Белград 2023 ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр арван тамирчин зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын эрэгтэй тамирчдын хувьд хүндхэн болж өнгөрсөн. Учир нь 61, 70,125 кг-д өрсөлдөх тамирчид ялагдсан юм. Харин 86 кг-ын жинд барилдаж буй Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт БНСУ-ын Кан Деа Кюг 4:0 оноогоор, хоёрдугаар тойрогт Туркменистаны Д.Оразгылыжовыг 14:9 оноогоор ялсан. Гуравдугаар тойрогт Ираны олимп дэлхийн аварга Хассан Язданитай хүч үзэж 0:11 оноогоор цэвэр ялагдсан юм. Х.Яздани аваргын төлөө шалгарсан тул Б.Бат-Эрдэнэ дагах барилдаанд Австралийн Ж.Лоуренстай хүч үзэх болсон. Харамсалтай нь дагах барилдаанд Австралийн Жэйден Лоуренсийг дөрвөн минут 30 секундэд цэвэр ялж, олимпын хүрэл медальт Майлс Аминетай барилдсан ч 2:8 оноогоор ялагдсан. ДАШТ-ий хоёр дахь өдөр 57,74,79 кг-нд өрөсөлдөч буй манай эрэгтэй тамирчдын хувьд тэмцээн өндөрлөсөн. 92 кг.-д өрсөлдөж буй Г.Ганхуяг Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт AIN-Беларусийн Хажи Ражабовыг 7:0 оноогоор ялсан. Гэвч шөвгийн дөрөвт үлдэж чадаагүй бөгөөд Японы Араш Ёшидад 1:11 харьцаатайгаар цэвэр ялагдсан юм.

Шүүгчдийн эргэлзээтэй шүүлтээс үүдэн Х.Тулгийн ялалтыг тооцсонгүй

Тэмцээний гуравдах өдөр 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялж, улмаар Азербайжаны дэлхийн гурван удаагийн аварга Хажи Алиевтай хүч үзэхээр болсон. Гэвч манай улсын тамирчин зургаан минутын турш давамгайлж, учраа нь арга саам хэрэглэн удаа дараа саатуулсан. Тус барилдааны эцэст шүүгчдийн бүдүүлэг шийдвэрээр Азербайжан бөхийн гарыг өргөсөн. Учир нь 5:2 оноогоор Монгол бөх ялсан ч шүүгчдийн зүгээс Т.Тулгыг өрсөлдөгчийнхөө триконоос татсан гэж үзэн оноог 3-3 болгон Хажи Алиев сүүлд оноо тул ялсан юм. Тус асуудлаар Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн Бөхийн Холбооны техникийн зөвлөлд өргөдөл гаргасан. Гэвч Хажи Алиев цааш барилдаанаа үргэлжлүүлсэн юм. Мөн тус өдөр 92 кг-ын жинд Б.Бадамдорж өрсөлдсөн бөгөөд эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт 4:7 оноогоор Молдавын Раду Лефтерт дийлдсэн. Ийнхүү манай улсаас оролцож буй чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын хувьд Белград 2023 ДАШТ өндөрлөсөн юм. Харин энэ жил 20 настай Бахрайн улсын тамирчин Ахмед Тажудинов 97 кг-ийн чөлөөт бөхийн аваргуудыг өвдөг шороодуулсан онцгой үйл явдал болсон юм. Тэрбээр АНУ-ын Кайл Снайдер, ОХУ-ын Абдулрашид Садулаев гэх алдар цуут аваргуудыг финалд үлдээгээгүй юм.

Эмэгтэйчүүдийн 55, 65, 57, 65 кг жинд өрсөлдөгч буй манай улсын тамирчид тэмцээнээ өндөрлүүлсэн ч тэд ганзага хоосон буцахгүй.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд манай улсаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал хэсэг толгойлж эхний тойргийг алгасан 1/8 шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор буулган авч Дэлхийн шилдэг 8-д шалгарсан. Харин 1/4 шигшээ барилдаанд Беларусь Улсын тамирчин, Европын аваргын хошой хүрэл медальт Ксения Станкевичийг 12:1 оноогоор илт илүүрхэн хожиж шилдэг дөрөвт багтсан. Хайнаагаа хагалах учраанд Д.Отгонжаргал Дэлхийн хошой мөнгө, нэг хүрэл медальт Сара Хилдебрандтийг 7:5 харьцаатайгаар буулган авсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Японы алдарт бөх Юи Сүсакитай барилдаж, 10:0 харьцаатай ялагдал хүлээсэн. Өнгөрсөн жилийн Белград 2022 ДАШТ-д тус хоёр тамирчин алтан медалийн төлөө учраа таарч байсан юм. Тухайн үед Юи Сүсакад Э.Отгонжаргал цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж байсан. Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан болсон. Харин өнөөдөр 72 кг-ын жинд Э.Даваанасан, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа нар алтан медалийн барилдахаар шалгарч үлдлээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Энх-Амарын Даваанасангийн хувьд эхний даваанд Полшийн тамирчин Наталья Стрзалкатай учраа таарч, 8:1 оноогоор илүүрхэн шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн дөрөвт шалгарах эсэх барилдаанд Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялсан юм. Харин 1/2 шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор хожиж, 72 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдахаар Амит Элортой барилдана.

Харин Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Коумба Ларрок нарыг ялж, хагас шигшээ шатанд шалгарсан. Харин 1/2 шигшээд АНУ-ын Эмма Брунтилтай учраа таарч, эхний үед 6:0 оноогоор хожиж яваад, цэвэр ялсан юм.

Ц.ХОНГОР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу