“Эх орончдын өдрийн мэнд хүргэе” гэсэн давалгаа цахимд хүчтэй өрнөж байна. Энэ нь Монгол Ардын Нам байгуулагдсан түүхэн өдөр. Эрх баригч Монгол Ардын нам байгуулагдсан цагаас хойш 102 жил өнгөрч. Тэр үед жинхэнэ эх орончид нь энэ өдрийг бий болгож байж. Өнгөрсөн жилүүдийн түүх хаяанд ойрхон мэт сонсогдовч халгам урт замыг туулсантай маргах хүн гарахгүй болов уу. Энэ хугацаанд жинхэнэ эх орончид нь хэлмэгдэж, хилийн дээс алхан буудуулж амиа алдсан гашуун түүхийн үнэнийг бид мартах ёсгүй. Сэхээтнүүдээ хэдэн мянгаар нь хомроголон устгуулж, өнөөгийн бид үлдсэн гэхээр нэг талдаа харамсмаар. Харамсах шалтгаан нь өнөөдрийн манай улсын хөгжил хийгээд төрийн эрх барьж байгаа хүмүүсийн байгаа байдал, хулгайдаа нэрвэгдсэн хөөрхий Монголоос харж болно.

Төрийн ордон тойрсон авлигач, хулгайч нар өнөөдөр “Эх орончдын өдөр”-ийг цээжээ дэлдэн тэмдэглэж байгаад харамсах, харуусах юм. 102 жилийн өмнө ийм хулгайч нараар төр бариулах гэж Д.Сүхбаатар нар тэмцэж, Оросоос тусламж хүсэж яваагүй байх. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, тендерийн хулгайч, авлигач нар, улсаасаа бараг баян шахам болсон шуналын хүүдийнүүд энэ өдрийг тэмдэглэж өнгөрүүлмээргүй байна. Ер нь “Эх орончдын өдөр” гэсэн энэ сайхан үгсийг энэ хулгайч нараас авмаар байна. Хайрлан, харамлаж, энэ л үгсийн үнэ цэнийг өргөмөөр байна.

Харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх гэж санаа нэгдэн нийслэл хүрээнд хоёр нууц байгууллага байгуулан 1920 оны зургадугаар сард нэгдэж, 1921 оны гуравдугаар сард анхны хурлаа хийж МАН-ыг байгуулсан. Долоон бурхан харвадаггүй гэдэг шиг долоон бурхан шиг долоон эх орончийнхоо зургааг нь цаазаар аван хэлмэгдүүлж байсан гээд бодохоор “Эх орончдын өдөр” гэж энэ хүмүүс цээжээ дэлдмээргүй байна.

2021 оны энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ зуун бол нэгдүгээрт, Монголчуудын сэргэн мандлын, хоёрдугаарт, тусгаар тогтнолын, гуравдугаарт бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зуун байлаа” хэмээн мэдэгдэж байв. Одоо дөрөвдүгээрт, авлигач, хулгайч нарынхаа толгойг илж, боломж олгосон харгис зуун байлаа нэмж хэлэх хэрэгтэй болж. Жинхэнэ эх орончид чинь 100 жилийн өмнө хэлмэгдэн буудуулсан гэдгийг бүү март. Парламентын гишүүдээсээ эхлээд сайд, агентлаг, газрын дарга хүртлээ уруудан авлигын аалзан сүлжээг бий болгосон ийм хүмүүс “Эх орончдын өдөр”-өөс савраа тат. Та нарт баярлах нь бүү гишгэх зай ч хомс байгаа гэдгийг бүү март. Жинхэнэ авлигач, хулгайч нар чинь цэцэглэж байхад худал эх орончийн дүрээр “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэмээргүй байна.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу