Баруун аймгуудын ирэх сонгуулийн өнгө зурагдаж эхэлжээ. Энэ удаа гэхдээ МАН, АН-ын аль аль нь амаргүй сонгуультай нүүр тулах ерөнхий төлөв ажиглагдаж байгаа юм. Өдрөөс өдөрт иргэдийн амьдрал дордож, өрхийн орлого багассаны улмаас бухимдалтай иргэдийн тоо өмнөх жилүүдээс олон болж. Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэл гэх лоозогнол үнэндээ баруун аймгийн иргэдийн хоногийн хоолыг давж чадахгүй бүдэрч байгааг ч иргэд огт нуухгүй байна. Товчхондоо шударга ёсоор хооллоё гээд ч ходоод хоосон иргэд үүнийг даван туулах тамир үлдсэнгүй.

Гурил, будаа, тос, махнаас эхлээд бензин шатахуун хүртэл бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар иргэд ярина. Бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч, иргэдийн орлого улам уруудаж буйд эрх барьж буй МАН буруутай гэж байлаа. Ядаж бензин шатахууны үнэ дээрээ Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол бүх бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өссөний улмаас өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон байна гэх. Дарга нар амьдралаас тасарч хөрсөндөө буухгүй байгааг ч онцолж байлаа.

Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймгийн иргэдийн зовлон нэг байна. Төрийн албанд ажилладаг хэдээс бусад нь хувиараа ямар нэг зүйл хийж амьдрал ахуйгаа авч явах хатуу сонголт байна. Тэглээ гээд өлсөж үхэлтэй биш яаж ийгээд хөдөлж л байна гэх юм билээ. Мал, мах малчны хотноос гараад л хаданд гарч байгаа гэдгийг аль ч аймгийн иргэд хэлж байна лээ. Хавар ямааны мах кг-ыг нь 3500 төгрөгөөр өгч байсан бол одоо 5000 төгрөг, хонины мах кг нь 6000 төгрөг байгаа аж. Гэтэл төв газрынхан малчид мал, махны үнэ нэмсэн мэт ташаа ойлголт шүү. Дундын ченж нарыг зохицуулахгүй бол тэд л дундаас нь хэтэвчээ түнтийлгэж байна. Бид биш ченж нар шүү гэцгээж байлаа.

Намар сургууль соёл эхлэхтэй зэрэгцэн малчид оюутны сургалтын төлбөр 4-7 сая, хүүхдийн тооноос хамаарч хичээлийн бэлтгэлд 1.5-аас 3 сая төгрөг зарцуулдаг юм байна. Гар дээрээ бэлэн мөнгөгүй малчид бүтэн жил асарч тойглосон хонь ямаагаа хямд үнээр өгч энэ бүхнийг даван туулж байгаа гэдгээ хэлж байсан юм. Банкнаас малчны зээл авах гэхээр өмнөх зээлээ төлж байж нэмж зээл авах эрх үүснэ гэдэг шаардлагын улмаас зайлшгүй малаа зарж борлуулахаас өөр сонголтгүй байдаг гэж байв. Энэ нь малчдын амьдралд хүндээр нөлөөлж байгаа юм байна. Нэг оюутан хүүхдээ сургуулийг нь төгсгөхийн тулд хотоо харлуулахаас наагуур юм болж байгаа шүү гэдгийг онцолж байсан. Баруун аймгуудад нүүрлэсэн хэдэн жилийн гангийн улмаас малчдын сэтгэл санаа ч мөн тэр хэрээрээ ганджээ.

Аймаг, сумдын төвд төрийн албан ажилладаг хэсэг, худалдаа наймаа эрхэлдэг хэсэг, малчин, огт ажилгүй иргэд гэсэн бүлэг байдаг. Тэдний дунд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ажлын байр олддоггүйн улмаас өрхийн орлогогүй иргэд зонхилж эхэлжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд ганд нэврэгдэж, өвөл нь малаа барсан иргэдийн хувьд байнгын орлоготой байна гэдэг амаргүй. 

Тиймээс өдрөөс өдөрт багасч буй өрхийн орлого, олдоц муутай ажлын байр, амин зуулга болсон мал, мах, арьс, шир үнэгүйдэж байна. “Хүчээ л нэгтгээд сонгочихвол амьдрал сайжирна гэсэн худлаа юм байна. МАН долоон жил засаглахдаа иргэдээ огт бодсонгүй. Ардчилсан нам гэж байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ийм намтай боллоо. Тиймээс ирэх сонгуульд нам биш хүнээ харж сонголтоо хийнэ” гэдгийг баруун аймгийн иргэд онцолж байсан юм. Уулзсан иргэдээсээ ирэх жилийн сонгуулийн өнгө, дур зургийн талаар ярилцаж байхад дараах сэтгэгдлийг хэлж байлаа. 

Өвөрхангай аймаг: УИХ-ын гишүүн Г.Ганболд нүүрсний сонсголын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа ч нүүрсний хулгайгаа дарахын тулд сонсгол хийхгүй байна. Шударга бус нөхдүүдтэй дөрөө харшуулсан гэдгийг нутгийн иргэд нь хэлж байх юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг нутагтаа анхаарч иргэдийн эрүүл мэндийн тал дээр анхаарах байх гэсэн итгэл байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг аймгийн Засаг дарга байхдаа аятайхан ажиллаж байсан. Их хуралд очоод чимээгүй болчихлоо. МАН-ын рейтинг доошилж буйг аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь биеийг хохироосонтой холбон хэлэх хүмүүс ч байлаа. Дэмжвэл Ардчилсан намаас О.Алтангэрэл байж болох юм гэдгийг уулзсан иргэд онцолж байлаа.

Баянхонгор аймаг: Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан М.Билэгт хоёрыг ирэх парламентад нэрлэх хүмүүс их байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд парламентын спикер гэдгээрээ нөлөөллөө хадгалж үлдэх боломж байгаа ч аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь гэр бүлийн компаниараа дамжуулан аймгийн замын тендерийг авдагт иргэд дургүйцэлтэй байлаа. Аймгийн дарга Д.Мөнхсайхан Г.Занданшатарын хүн ш дээ гэдгийг ч хэлж байсан юм. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн иргэдийн дэмжлэгээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс илүү байгаа аж. АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ энэ удаа нэр дэвших боломж гарвал дэмжинэ гэсэн хүмүүс нэлээд таарч байлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат дээшилдэг ч үгүй, урууддаг ч үгүй хэмжээгээ барьчихсан нэг хүн байна. Нийслэлийн бид л “Бидон Ганбаа” гэж хочилж явуулж байдгаас нутгийн иргэд нь “бидон”-ыг нь харин ч магтах юм билээ. Түүний хувьд Баянхонгор аймагт л нэр дэвших болохоор бусад аймгийнхан яаж ч муулсан түүнд хамаагүй байдал даа. Гол нь нутагтаа л нэрээ барчихгүй байх хэрэгтэй. 

Говь-Алтай аймаг: Тус аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар яллагдчаар татагдсан тул МАН-ын хувьд хар толботой ирэх сонгуульд орно. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаараа далайлгаад ч болов нэр дэвшихэд гарчих байх гэж байсан. Харин Соёлын сайд Ч.Номингийн хувьд хэл аманд үргэлж ордог, хөдөөний амьдрал мэдэхгүй болохоор одоо ажиллаж байгаа аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хамаагүй дээр шүү гэдгийг хэлцгээх юм билээ. Энэ жил 100 жилийн ойгоо хийсэн ч хөгждөггүй ганц аймаг нь Говь-Алтай. Хөгжье гэж нутгийнхан нь ч дарга даамлуудаа шахаад байдаггүй байдал анзаарагдсан. Гэхдээ тус аймгийнхан баруун аймгийнхан дундаа хөгжил буурай ч хүмүүс нь хаа очиж бийлэгжүү гэж байх юм билээ. 

Ховд аймаг: Олон ястны өлгий нутгийнхан улс төржилтөөс үнэндээ залхжээ. Нутаг орноо гэсэн сэтгэлээ гээдэггүй МАН-ын С.Бямбацогтыгоо, ард түмэнтэйгээ ойр байдаг Ардчилсан намын Б.Пүрэвдорж хоёрыгоо сонгох байхдаа гэцгээнэ. Нэмээд нэг гайгүй хүн сонгоно гэж байсан юм. Гайгүй хүн нь хэн юм гэхэд одоохондоо мэдэгдэж байгаа юм алга гэсэн маягийн зүйл ярьцгаах юм билээ. МАН-ын нарийн бичиг О.Батнайрамдал, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, О.Батнасан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс эхлээд аймгийн Засаг дарга Э.Болормаа хүртэл нэр дэвших боломжтой, амбицтай хүмүүсийн цуваа үргэлжилнэ. Баруун аймгийнханы онцлог нь парламентын сонгуульд ямар ч мундаг эмэгтэй хүн нэр дэвшүүлсэн “Бүсгүй хүн багананы доор” гэдэг зарчим үйлчилдэг. Тиймээс тус аймгаас гурван эрэгтэй хүн л ирэх сонгуульд ялах болов уу гэдгийг хэлж байсан. 

Баян-Өлгий аймаг: Омгийн зохион байгуулалтаар амьдардаг тус аймгийн иргэдэд МАН, АН нэг их чухал биш гэж байсан. Омгийн удирдлагуудынхаа үгээр л саналаа өгөх зүйл хэлж байв. Ирэх сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн А.Баделхан, Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нар нэр дэвшинэ. С.Зулпхар амбиц өндөр байгаа ч Т.Аубакираа давахгүй бололтой. А.Баделхан гишүүний хувьд олон жилийн туршлага, мөнгөөрөө сонгогдох магадлалтай. Ардчилсан намаас гишүүн асан Дакейн Муратыг дэмжинэ гэж иргэд нь ярьцгаах. Б.Бейсен гишүүний хувьд эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан хүн гэдгээрээ дэмжлэг багагүй байдаг аж. Залуусын төлөөлөл болж Ш.Жандос гэгч залуу дэмжлэгтэй байгаа гэдгийг хэлж байв.

Увс аймаг: Аймгийн улс төрийг улсын хэмжээнд гаргаж шиддэг, есөн шид нь бүрдсэн улс төр тэндээс гарах нь тодорхой. Ирэх сонгуульд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, АН-ын О.Цогтгэрэл нар дэмжлэг сайтай аж. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тойрог сэлгэж Хан-Уул дүүрэгт дэвшиж магадгүй гэж байлаа. УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат аймагтаа дэмжлэг багатай байна. Тиймээс МАН-аас шинэ нэр дэвшигчид очих магадлал өндөр бол аймгийн Ардчилсан намын хороо нь залуусаар цус сэлбэхээр болж байгаа гэдгийг ярьцгааж байлаа.

Архангай аймаг: Аймагтаа хамгийн өндөр саналаар Их хурлын гишүүн болсон Ё.Баатарбилэг Хөгжлийн банк, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нүүрсний асуудалтай яваа. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сумдад сайн ажиллаж байгаа тул малчид түүнийг таньдаг болж. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танигдах ажлаа эхлүүлэн эрчимтэй яваа гэнэ. Тиймээс нэр дэвших нь тодорхой болж байх шиг. МАН-аас гэхээс илүү “сайхан генерал” гэдэг имиж бүрдүүлбэл хөвөгч саналуудаа татах боломж байж мэдэх юм. Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид ажил хийж танигдаагүй ч аймгийн ойгоо аятайхан зохион байгуулсан хэмээн иргэд нь сайрхах юм билээ. Амьдрал дээр найр наадам чухал уу, ажил хийдэг хүн чухал уу гэдгийг аяндаа тэд мэдрэх биз. Ардчилсан намын хувьд П.Мөнхтулга гэж залууг өмнөх сонгуульд сойгоод дөрвөөр жагсаж парламентын босгоны гадна үлдсэн. Энэ удаад дахин дэвшихэд боломж байгаа нь уулзсан иргэдийн ярианаас мэдрэгдэж байв.

Тайлбар: Ямартай ч орсон, зочилсон, уулзсан, ярилцсан хүмүүсийн хандлага ийм л байна. Баруун аймагт МАН мандаж, АН ялна гэдэг аль аль талдаа амаргүй сонголт хийгдэх бололтой. Иргэдийн зүгээс зөв хүнээ сонгоно гэж байгаагаас нам сонгоно гэдэг дээр тун таагүй хандаж байсан юм. Дээр дурдагдсан нэр албан ёсных биш ч ард түмний хэсэг болсон иргэдтэй уулзаж байхад хэлж байсан гэдгийг онцлох нь зөв байх. Баруун аймгууд бүхэлдээ гандуу, МАН “гундуу”, АН-д тэр гээд заагаад өгчих олигтой өнгө ч алга.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу