МҮХАҮТ-ын ээлжит XXI их хурал өчигдөр /2023.09.20/ 09:00 цагт эхэлж, 16 цаг үргэлжилсний эцэст Ерөнхийлөгчөө сонгожээ. 

Ерөнхийлөгчид нийт 13 хүн нэр дэвшсэнээс “MCS” группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин 40 хувийн саналаар сонгогдсон байна. Тодруулбал, тэрбээр нийт хүчинтэй 648 саналаас 246 санал авч тэргүүлжээ.

Түүний хувьд цахим хуудсаараа дамжуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэхдээ “Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.

Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна. Энэ байгууллагыг улс төр болон хувийн нэг компанийн жижиг эрх ашгуудаас ангид байлгах нь их чухал санагддаг.

2022 оны эхэнд “Эм-Си-Эс” группээс гарснаасаа хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад жижиг, дунд компани, старт-апуудтай хуваалцаж, хөгжлийн дараагийн үе шатанд гарахад туслахыг зорин ажиллаж байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна.

Танхимын үйл ажиллагааг яаж сайжруулах талаар та бүхэн бас санал бодлоо хуваалцаарай.

Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна” хэмээж байсан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу