Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4/11 хэвлэлийн хурлаа хийлээ. /2023.09.21/

Хурлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. АЭХ-ны VI-р ээлжит дээд чуулган есдүгээр сарын 25-нд болж, Ерөнхийлөгчөө сонгох юм. Өдгөө тус байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ажиллаж буй. Түүний хувьд АЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд залуу үедээ боломж олгох үүднээс дахин нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. 

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “П.Батчимэг дарга хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого, Ж.Баярмаа гадаад харилцаа, соёлын бодлого, С.Буяндэлгэр уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, П.Галиндэв зам тээврийн хөгжлийн бодлого, Ц.Жадамбаа мэдээлэл технологи, хүнс, эмийн бодлого, Ш.Жандос төсвийн бодлого, И.Мөнхжаргал боловсрол шинжлэх ухаан, Э.Одбаяр эрчим хүчний бодлого, Ч.Өнөрбаяр хууль зүйн бодлого, Т.Пүрэвхатан байгаль орчин аялал жуулчлал, Ш.Түвдэндорж батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого, Ц.Уртнасан хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого, Р.Эрдэнэбүрэн барилга хот байгуулалтын асуудал хариуцан ажиллаж байгаа.

Манай намын даргын зөвлөлд байгаа дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллаж эхэлсэн.

Мөн манай нам жендерийн асуудалдаа онцгой анхаарч байгаа. Удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэж байна. Цаашдаа нам доторх үйл ажиллагааг шилэн, ил тод байлгах үүднээс АЭХ-ны тэргүүнд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ таниулах, тэдний үзэл бодлыг ойлгуулах үүднээс энэ сарын 23-ны 18:30 цагаас NTV телевизээр шууд мэтгэлцээнийг нэр дэвшигчдийнхээ хооронд хийхээр болсон” гэлээ. 

АЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга С.ОдонтуяаМиний бие энэ холбооны Ерөнхийлөгчийн албыг 2016 оноос хойш хашиж байна. Энэ намар намынхаа удирдлага, АЭХ-доо өөрийн хүсэлтээ өгч, албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болсон. Улмаар дараагийн ерөнхийлөгчийг сонгох ажлыг хийх гэж байна.

Ардчилсан намыг нийгэм шүүмжилдэг. Залуу үеэ бэлтгэдэггүй, дэмждэггүй гэсэн шүүмжлэлүүд гардаг. Тиймээс бид шинэ цагийн, шинэ өнгө аясад тааруулж залуучууд манлайллыг удирдаасай, сонгуульд гарч ирээсэй гэж хүсэж байгаа. Үүний тулд ачааг нь үүрүүлж, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлж, 2024 оны тун хариуцлагатай сонгуулийн үед залуучуудаа улс төрд манлайлуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлмээр байна. 

АЭХ-ны шинэ ерөнхийлөгч өөрийн багаа бүрэлдүүлж, 2024 оны сонгуульд эмэгтэйчүүдээ амжилттай оруулахад анхаарч ажиллаж чадна гэж итгэж байна. Шударга ёсыг эрхэмлэдэг, манлайлагч олон эмэгтэй хүн манай намд бэлтгэгдсэн байдаг. 

Энэ бол зөвхөн нэг байгууллагын даргыг сонгох гэж байгаа асуудал биш. Цаашдаа Монгол улсад ардчилал хэр бэхжих вэ гэдгийг шийдэх юм. Эрчүүд эзэгнэсэн улс төрд авлига хээл хахууль хэдэн их наядаар яригдаж байна. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Ядууралд эмэгтэйчүүд хамгийн их өртөж байна. Үүний эсрэг АЭХ-ны эмэгтэйчүүд бид хүчтэй дуу хоолой, хүчтэй сөрөг хүчин болж ажиллана” хэмээв.

Үүний дараа АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Таны шүүхтэй холбогддог асуудлуудаар нээлттэй сонсгол хийх хэрэгтэй талаар цахим сүлжээнд иргэд хэлж байна. Та үүнийг хэрхэн хүлээж авах вэ?

-Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Ингэхдээ гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хуваарилсан. Тэгэхээр энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэг нэгнээ шүүдэг байдал бий болох юм бол Монголд ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ бол миний, үндсэн хууль баталсан хүний үзэл баримтлал. 

Хэрвээ миний холбогдож байсан гэх хэргүүдтэй холбоотой нээлттэй сонсгол болбол би туйлын баяртайгаар хүлээж авна. Бидний хэргийг хянасан нийслэлийн прокурор болон анхан шатны шүүх дээр ялсан шүүгч нь өөрөө авлигын хэргээр ял авсан. Үнэнийг хэлэхэд, эрх мэдлийн хонгил гэж яригдаад, гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөж, шийдэгдэж байна гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан зүйлс бодитой, үнэн. Нээлттэй сонсгол явуулбал энэ бүгд ил тод болно. 

Мөн би энэ асуудлаар маш олон түвшинд хандсан. Монголын шүүхээр дөрвөн түвшинд ороод энэ асуудал шийдэгдсэн. Хилс хэрэг байсан гэдгийг энд ч Швейцарт ч шийдсэн. Би ганцхан газар шалгагдаагүй. Монгол, Швейцар, Хонгконг, Австрали гээд олон улсын хуулийн байгууллагуудын шалгалтад ороод гарсан хүн. Энэ асуудалтай холбогдуулаад экс Ерөнхийлөгч Х.Баттулга намайг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Үндсэн хуулийн цэц шүүхийн зүгээс хууль зөрчсөн зүйл алга гэдэг шийдвэрийг гаргасан. Сахилгын хороо, АТГ-т ч мөн өгсөн.  Ер нь бүх шатандаа шалгагдсан. 

Нээлттэй сонсгол хийвэл улс төрийн зорилгоор хэн, хаанаас ийм зүйл хийсэн бэ гэдэг нь илүү тод мэдэгдэнэ. Гэхдээ ижил гурван эрх мэдлийг нэг нам давамгайлсан парламент нь шүүгээд эхэлбэл Монголд хараат бус шүүх гэдэг зүйл байхгүй болно. 

Миний эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж буй хүн маш ойлгомжтой. Экс Ерөнхийлөгч хийдэг. Манай намын үйл ажиллагаа идэвхжих үед ийм дайралт явуулж байна. 

-Экс Ерөнхийлөгч гэж яг хэн бэ. Танай намаас Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хоёр хүн байдаг шүү дээ. 

-Хэн нь Үндсэн хуулийн цэц дээр улаан зангиатай, улаан ороолттой очоод асуудлуудыг тавиад байсан юм бэ.

-Халтмаагийн Баттулга уу?

-Тийм

Шууд дамжуулалт үзэх: 

             

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу