Унгар улсад сэргээн засварласан Хүннүгийн үеийн олдворыг хүлээх авах ажиллагаа өнөөдөр (2023.09.21) Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнд боллоо.  Унгар Улсын “Унгар судлал”-ын хүрээлэнтэй хамтран 2022 онд Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Малтлагын явцад хоёр дугаартай булшнаас том хэмжээтэй төмөр тогоо олдсон байдаг. Тус олдвор нь зэвэрч, олон хэсэг болон бутарсан байдалтай, хадгалалтын байдал эмзэг байсан тул сэргээн засварлалтын ажлыг Унгар улсын “Унгар судлал”-ын хүрээлэнд гүйцэтгэжээ. Энэхүү төмөр тогоо нь өмнө манай улсаас илэрч байсан Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй ч хэмжээний хувьд анхаарал татахуйц том хэмжээтэй байгаа юм.

Тус олдворын талаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэн:

“Монгол улсын шинжлэх ухааны академи 1960 онд Бэлхийн аманд Монгол, Унгарын хамтарч Хүннүгийн дурсгалын малтлага судалгааны ажлыг хийж байсан. Үүнээс хойш 60 жилийн дараа Унгар улстай археологийн хамтарсан судалгаа, шинжилгээний хийж байна. Сэргээн засварлагдаад буй тогоо хэлбэр болон хийцээрээ археологийн судалгаанд “Хүннү тогоо” гэдгээрээ алдаршсан олдворуудын нэг. Онцлог нь төмөр тогоо хүрэл тогооноос харьцангуй цөөхөн олддог. Одоогоор гарын таван хуруунд багтахаар цөөхөн төмөр тогоо олдоод байна. Mөн тус төмөр тогоо нь хамгийн томдоо орж байна. Олдвор манай хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдана. Цаашдаа шинээр баригдаж буй Монголын археологийн үндэсний музейд тавигдах байх” гэлээ.

Манай улсад археологийн төмөр эдлэлийг сэргээн засварлах мэргэжилтэн хоёр хүн байдаг аж. Иймээс сэргээн засварлалтын ажилд цаашдаа мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлага үүсчээ. Учир нь сэргээн засварлах лабораторитой ч ачаалал их байдаг байна.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу