Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4/11 хэвлэлийн хурал болж байна. /2023.09.21/

Хурлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. АЭХ-ны VI-р ээлжит дээд чуулган есдүгээр сарын 25-нд болж, Ерөнхийлөгчөө сонгох юм. Өдгөө тус байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ажиллаж буй. Түүний хувьд АЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөөд залуу үедээ боломж олгох үүднээс дахин нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. 

Тэрбээр “Миний бие энэ холбооны Ерөнхийлөгчийн албыг 2016 оноос хойш хашиж байна. Энэ намар намынхаа удирдлага, АЭХ-доо өөрийн хүсэлтээ өгч, албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болсон. Улмаар дараагийн ерөнхийлөгчийг сонгох ажлыг хийх гэж байна.

Ардчилсан намыг нийгэм шүүмжилдэг. Залуу үеэ бэлтгэдэггүй, дэмждэггүй гэсэн шүүмжлэлүүд гардаг. Тиймээс бид шинэ цагийн, шинэ өнгө аясад тааруулж залуучууд манлайллыг удирдаасай, сонгуульд гарч ирээсэй гэж хүсэж байгаа. Үүний тулд ачааг нь үүрүүлж, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлж, 2024 оны тун хариуцлагатай сонгуулийн үед залуучуудаа улс төрд манлайлуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлмээр байна. 

АЭХ-ны шинэ ерөнхийлөгч өөрийн багаа бүрдүүлж, 2024 оны сонгуульд эмэгтэйчүүдээ амжилттай оруулахад анхаарч ажиллаж чадна гэж итгэж байна. Шударга ёсыг эрхэмлэдэг, манлайлагч олон эмэгтэй хүн манай намд бэлтгэгдсэн байдаг. 

Энэ бол зөвхөн нэг байгууллагын даргыг сонгох гэж байгаа асуудал биш. Цаашдаа Монгол улсад ардчилал хэр бэхжих вэ гэдгийг шийдэх юм. Эрчүүд эзэгнэсэн улс төрд авлига хээл хахууль хэдэн их наядаар яригдаж байна. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Ядууралд эмэгтэйчүүд хамгийн их өртөж байна. Үүний эсрэг АЭХ-ны эмэгтэйчүүд бид хүчтэй дуу хоолой, хүчтэй сөрөг хүчин болж ажиллана” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу