Ардчилсан нам дотооддоо эв зүйгээ олох гэж их л хичээж байна. Хагарсан шаазан шиг тарж бутарсан намыг хамж эвлүүлнэ гэдэг намын дарга Л.Гантөмөрөөс маш том ухаан шаардах ажил. Гэвч ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ сонгох гэж нам нь дотооддоо бараг найм хуваагдчихаад байна. Ингэж талцуулсан хүн нь Л.Гантөмөр өөрөө.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа албаа дараагийн хүнд шилжүүлэхээр болж марафон эхэлчихсэн байгаа. Одоогоор мэдэгдэж байгаагаар УИХ-ын гишүүн асан Фортуна Батбаярын охин Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “М ойл”-ын Б.Пунсалмаа, Одонгуа, Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнэсувд, сэтгүүлч Д.Энхтуяа нарын нэрс ил болоод байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудлаа Б.Жаргаланд өгнө хэмээн С.Одонтуяа хэдэн сарын өмнө амлачихсан байсан талаар намынхан нь ярьдаг. Нөгөө талд нь аавынх нь дэмжлэг орсон уу намын дарга Л.Гантөмөр ганцхан Б.Жаргаланг дэмжиж байгаа аж. Тиймээс намын бусад эмэгтэй гишүүд нь намын даргадаа дурамжхан байгаа нь нууц биш. Б.Жаргалан Л.Гантөмөрийн өврөөс бусад нь хойноос нь унасан мэт аашилж байгаа юм байна. Хойд эцгийн нүүрэн дээр хойшид ч биш урагш гарахгүй юм байна гэж хүртэл ярьж байгаа юм. 

Намын дарга нэртэй ч өөрийнх нь асуудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед намын эв нэгдлээ хангахаас илүүтэй хэн нэгнийг илүүтэй халамжилж эхэлсэнд ихээхэн дургүйцэж эхэлжээ. Намын дэргэдэх нэг холбооны тэргүүний суудалд үхэн хатан зүтгэх болсон нь цаанаа эрх ашгийн ямар нэгэн үйлчлэл явж байгааг харуулж байна гэж хардахаас өөр үндэслэл үгүй. МАН дотооддоо эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээ сонгоход Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөр шиг ил цагаандаа гарч ирээд тэмцэлдээгүй л юм даа. Ойрын ганцхан энэ жишээнээс гарахад Л.Гантөмөр намаа эвлүүлнэ гэдэг их л хол харагдаж байна.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу