Сербийн Белград хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдсөн Т. Тулга 1/8 шигшээд Азербайжан улсын тамирчин олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга алдарт Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн 3:3 буюу сүүлийн оноогоор Азербайжины талд ялалт гарсан шийдвэрт хүрсэн.

Тодруулбал, Т.Тулга эхний үед 1:0 харьцаагаар хожиж явах үедээ сугадаж өвдөглүүлэн дэвжээнээс түрж гаргах гэж дайрах явцдаа хариу мэхэнд орж нэг оноо алдсан. Оноо алдсан үед нь дэвжээнд суусан дасгалжуулагч Б.Баттулга челленж шидэж, нэмж нэг оноо алдсанаар 1:2 харьцаатай хожигдож явсан юм. Гэсэн хэдий ч Т.Тулгын триконоос зуурсан гэх үндэслэлээр Азербайжаны бөхийг торгож 2:2 харьцаагаар манай тамирчин хошуучилж эхэлсэн юм.

Харин шийдвэрлэх үеийн сүүлийн минутад Т.Тулга Хажи Алиевийг сугадаж дайрч, дэвжээнээс гарган нэг оноо авснаар онооны харьцааг 3:2 болгов. Барилдаан үргэлжилж сүүлийн цаг дуусахтай зэрэгцэн манай тамирчин онооны харьцааг 5:2 болгосон ч өрсөлдөгч тамирчин болон дасгалжуулагч триконд хүрсэн гэх хариу биеийн хэлэмж үзүүлж эсэргүүцсэн. Азербайжины дасгалжуулагч барилдаан дуусахаас гурван секундийн өмнө челленж даржээ. Ингэснээр шүүгчид дахин барилдаан үзэж 3:3 буюу сүүлийн оноогоор Алиевт ялалт өгсөн юм.

Тиймээс Монголын чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн бөхийн холбоонд гомдол гаргаж, шалгуулсан боловч шүүгчид бичлэгийг дахин нягталж триконоос зуурсан буюу хориотой үйлдэл гаргасан тул нэг онооны торгууль өгч, хориотой үйлдлээс хойш авсан хоёр оноог хүчингүйд тооцон 3:3 оноогоор тэнцэж сүүлийн оноо торгуулиар Азербайжаны бөхөд ялалт өгсөн өмнөх шийдвэр ижил байна хэмээн үзэв.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. дэлхийн бөхийн холбоо гэж юу хаана байна да хөөрхий чөлөөт бөх 2028 оноос олимпоос хасагдана шдэ хөөрхий

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу