“Хаданд хавчуулагдсан халиуны зулзага” гэдэг чухамдаа Монгол Улс юм. ОХУ нефтийн, БНХАУ нүүрсний крантаа хаахад бид хамраараа газар хатгана. Тиймээс хоёр хөршөө аргадаж амьдрах тавилан монголчуудынх. Их гүрнүүдийн дунд их эмзэг оршдог ард түмэн.

ОХУ дизель түлш, бензинээ Беларусь, Казахстан, Армени, Киргизстан улсуудаас бусад улс руу экспортлохоо өчигдрөөс түр зогсоосон талаар Блүүмбэрг онцоллоо. ОХУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “Түр зуурын хязгаарлалт нь шатахууны зах зээлийг нийлүүлэлтийг хангаж, улмаар хэрэглэгчдийн үнийг бууруулна” гэж мэдээлсэн байна. Манай орны хувьд энэ хүнд цохилт. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын гадаад айлчлалууд үүнд нөлөөлж байгаа гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм.

Өнгөрөгч наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д айлчлахтай зэрэгцэн ОХУ баруун аймгуудад өгдөг эрчим хүчээ дөрөв хоног хязгаарлаж байсан удаатай. Энэ зэргийн бойкотыг үзүүлэхдээ хойдууд хотойхгүй. Тиймээс манай орны гадаад харилцаа хойд хөршийн хараа хяналт дор үргэлж явж ирсэн. Тэр нөлөө өдгөө ч үргэлжилж байгаа билээ.

X Богдыг тодруулахтай зэрэгцэн БНХАУ үүнийг таатай хүлээж аваагүй юм. Тиймээс уур амьсгалыг зөөллөхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийн талыг аваад өмнөд хөршийг зорьж байсан. Тэнд яригдсан гол асуудал X Богд, Петрочайнатай холбоотой 312 тэрбум төгрөгийн татварын асуудал. Аргаа барахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Петрочайна дачин тамсаг компанийн дансыг нээх тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулж байж урд “нөхдийн” уур бухимдлыг багасгаж байгаад айлчилж байлаа шүү дээ. Харин Х Богдын асуудал дээр манай тал хар цагаан дуугүй байсан гэх дам яриа бий.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын пап Монгол Улсад айлчлахад хоёр хөрш ил биш ч цаанаа дургүй хүлээж авсан. БНХАУ иргэдээ Ромын пап-ын айлчлалд оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн ч 20 орчим хятад сүсэгтэн ирж оролцсон. ОХУ-ын зүгээс Ромын пап-д таатай хандаагүй гэхчилэн УИХ-ын дарга Г.Занданшатарын БНСУ дахь айлчлалаас эхлээд хойд хөрш бойкотоо нэмэгдүүлэх хангалттай шалтаг болж өгсөн талаар ярьцгааж байлаа. Мөн Украины дайнтай холбоотойгоор Европын холбоо ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улс байр сууриа илэрхийлэхийг шахаж ирсэн. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроноос эхлээд спикерийн түвшний айлчлалууд нэг биш хийгдэж байгааг тэд харж л байгаа.

Энэ мэтчилэн шалтгаанууд хөрш орнуудаасаа хэтэрхий хараат байдалд оршдог монголчуудын хувьд асар хүнд цохилт болсоор байх болно. Хойд хөршийнхөн нефтийн бүтээгдэхүүндээ хязгаарлалт тогтоосон ч бид хятадаас нефтийн бүтээгдэхүүнээ авах болно хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Хятадаас хэдэн хувийн хараат амьдардаг билээ гэдгээ бид мартаж болохгүй. Өмнөд хөршийнхөө халаасанд гулгаж орсоор байгаа гэдгээ үргэлж санаж явах ёстой юм.

Тиймээс хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг бүлтэгнэсэн улсын төрийн удирдлагууд төв чигээ барихгүй бол үүнээс цааш ямар хүнд сорилтууд биднийг угтаж байгааг мэдэх юм алга. АНУ тив алгасан, Ромын пап Ватиканаас монголчуудад нефтийн бүтээгдэхүүн явуулахгүй. Тэд монголоос нүүрс ч авахгүй. Хоёр хөрштэйгээ алдан дундажаа барьж алхам бүрээ цэнэж байхгүй бол хойно баавгай, урд луу хүрхэрч байгааг мартаж болохгүй.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу