Нэг л зүйлийг хэлье. Т.Бадамжунайг үнэхээр барахгүй. Барж идэхгүй. Барж ч идүүлэхгүй. Сүр дуулиантай шүүрүүлж ирсэн цор ганц хүн Түнжингийн Бадамжунай. Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас монголд бууснаас хойш таван сар хоригдож байна. Эрдэнэс таван толгой компанийн захирал Б.Ганхуяг хулгайгаа улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн гонгинож байхад Т.Бадамжунай одоогоор түүн шиг ааш аяг үзүүлээгүй байна.

Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий” гэдэг юм. Т.Бадамжунай МАН-ын 2000 оноос хойшх хар авдар дахь “хар” ном юм шүү. Сайн, муу бүх цаг үеийн хураангуй түүнд бий. “Хазгар” өвгөн дуугараад эхэлбэл хамтдаа халтирах хүмүүс тийм бага биш. Ямар сайндаа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан Эрдэнэс таван толгой ХК-ийн захирлаар Б.Ганхуягийг томилуулж өгөхийг түүнээс гуйсан байхав. Б.Ганхуяг ч “Ахаа, дүүгээ бодоорой” хэмээн уулзахдаа хэлсэн талаар Т.Бадамжунайгийн АТГ-т өгсөн мэдүүлэгт байгаа юм билээ. Энэ цагийн хамгийн том дуулианы эзэн болсон энэ хоёр хүн гэхэд Т.Бадамжунайтай шууд холбогдож байна. Үүнээс цааш эргүүлсэн хуудас бүрт өөр өөр нэрс ил болно. Тэр яах аргагүй МАН-ын “хар” ном.

Түүний хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан. Зүйлчлэлээрээ бол 13 жил хорих ялтай юм гэсэн. Т.Бадамжунайг 13 жилийн хорих ял авна гэж бодож байна уу. Тийм юм огт болохгүй. Болохгүй, болгох ч үгүй. Сайнтай, муутай нь МАН-ыг санхүүжүүлж явсан энэ хүний асуудлыг МАН-ын дээд түвшинд ярилцсан гэх мэдээлэл бий. Хотын нэг оффисын өрөөнд хоёр гурван хундаганы ард сууж байгаад яриагүй. Улаанбаатараас алс хол очиж Хөвсгөл нуурын эрэгт хуралдаж байгаад түүнийг хэрхэх талаар МАН-ынхан ярьсан гэдэг.

Ямартай ч түүнд санаа зовох хүмүүс байгаа гэдгээ тэр үед ярьсан байна. “Бадамжунайг анхаарахгүй бол болохгүй. Би санаа зовж байна” хэмээн улс төрийн томоохон лидер хэлснээр бусад хүмүүс нь тайвширсан гэх яриа улс төрийн хүрээнд өрнөөд байна. Нэгэнт өндрөө авсан түүний “хэрэг” гээчид ял оноохгүй бол болохгүй. Тиймээс 2-3 жилийн ял оноож, хотоос алс газарт худгийн сахиулаар ч юм уу гэр бүлтэй нь ойрхон агаар салхинд байлгаж байгаад оруулж ирнэ. МАН-ын удирдах албан тушаалтнуудын эвэр ч ургаагүй байхад тэр сүргийн манлай явсан болохоор энэ удаа зайлшгүй ач санах хэрэгтэй гэдгээ ярилцаж тохиролцсон юм билээ. Тиймээс 70 насны босго шүргэж яваа Т.Бадамжунайг хэн ч барахгүй.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу