Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно.

Даваа гарагт буюу өнөөдөр (2023.09.25) Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралд оролцох юм.

Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс (2023.09.24) угтан авав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володиныг өнөөдөр /2023.09.24/ жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг ноён В.В.Володин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэлсэн.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Монгол Улс нь Оросын Холбооны Улстай сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн юм.

Талууд өнгөрөгч зургадугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулж, анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсонд санал нэгдэв.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд болох хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаар цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, шинэ арга механизмуудыг бий болгохын зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин онцоллоо.

Тэрбээр, манай хоёр улс хөрш орон. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг улам өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг юм. Ялангуяа хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах нь нэн чухал гэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин хэлэлцээний үеэр Монгол Улс тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад орохгүйг албан ёсоор мэдэгдлээ.

Мөн Парламентын хоорондын хамтын ажиллагааны комиссын дараагийн хуралдааныг ирэх онд ОХУ-д зохион байгуулах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ.

Хэлэлцээний үеэр талууд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааны цар хүрээг өргөжүүлэх болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

         

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу