Азийн спортын 19 дүгээр их наадам БНХАУ-ын Ханжоу хотод эхлээд буй. Энэхүү наадамд манай улсын 403 тамирчин, 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Харин нээлтийн арга хэмжээнд Монгол Улс 239 хүний бүрэлдэхүүнтэй оролцов.

Ази тивийн их наадамд 45 үндэсний олимпын хорооны 12000 гаруй тамирчин 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө өрсөлдөж буй юм.

Л.СОСОРБАРАМ ХҮРЭЛ, Ё.БАСХҮҮ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын баг тамирчид өчигдөр (2023.09.24) гурван медаль хүртлээ. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч сорьсон Л.Сосорбарам медалийн төлөөх барилдаанд Индонезийн Марьям Махараниг цэвэр дарж, “Ханжөү-2022” Азийн наадмын хүрэл медальтан боллоо.

Мөн “Ханжөү-2022” Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү мөнгөн медаль хүртэж, Монголын багийн 3 дахь медалийг авчрав.

Ханжөүгийн Азийн наадмаас Монголын багийн анхны медалийг буудлагын эмэгтэй баг авчирсан юм.


ХАНЖӨҮГИЙН АЗИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР
15 ХЭСГЭЭС БҮРДЭВ

Ханжөүгийн Азийн наадмын нээлтийн ёслолын хөтөлбөр тамирчдын жагсаал, гал асаах ёслол зэрэг 15 хэсгээс бүрджээ.

Азийн XIX наадмын нээлтийн өдөр Хятадын нарны 24 улирлын нэг болох намрын тэнцлийн өдөртэй таарсан бөгөөд ургац хураах, дахин нэгдэхийг бэлгэддэг аж.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Бямба гаргийн орой зүүн нутгийн Жэжян мужийн нийслэл Ханжөү хотноо болж буй Азийн наадмын нээлтийн ёслолд оролцож, наадам албан ёсоор эхэлж буйг зарлав.

Ханжөүгийн Азийн наадамд улс орон, нутаг дэвсгэрээ төлөөлөн оролцож буй баг тамирчид нээлтийн ёслолд оролцохоор цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн билээ. Хятад улсын тамирчид зохион байгуулагч орны хувьд хамгийн сүүлд жагсах бол бусад орны тамирчдын хувьд Үндэсний олимпын хорооны нэрсийн цагаан толгойн үсгийн дарааллаар жагсжээ.

Баг тус бүрийн өмнө Ханжөү хотын бэлгэдлийн цэцэг болох османтусаас сэдэвлэн урласан хувцсыг өмсөж зурагт хуудас барьсан бүсгүйчүүд тэргүүлэн алхаж, наадамд оролцож буй бүх тамирчдад эв найрамдалтай, аз хийморьтой байхыг хүсэн ерөөв.

Азийн Олимпын зөвлөлийн /OCA/ тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Сингх нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Ханжөүгийн Азийн наадмыг зохион байгуулах хороо (HAGOC)-ноос тивийн спортын томоохон арга хэмжээг бэлтгэн зохион байгуулахад оруулсан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэв.

Р.Сингх “Та бүхэн Азийн наадамд гайхалтай сайхан бэлтгэжээ. Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон нь OCA-гийн түүхэнд урьд өмнө байгаагүй тохиолдол байсан хэдий ч та бүгдийн хичээл зүтгэл, зоримог шийдэмгий байдал ирэх 16 хоногт үр өгөөжөө өгч, Азийн наадмыг хамгийн гайхамшигтай бөгөөд амжилттайгаар зохион байгуулсан гэх алдар нэрийг хүртээх болно” гэж онцлон тэмдэглэжээ.

БНХАУ-д “Ханжөү-2022” Азийн наадам үргэлжилж байна.

 

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу