АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон сенатор Элизабет Уоррен (Массачусетс муж) өнгөрсөн Ням гарагт “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө “АНУ-ын эрх баригчид Киев рүү илгээсэн Америкийн техник хэрэгслүүдийн ашиглалтад зохих хяналт тавих ёстой” гэж хэлжээ.

Киевт очоод буй тэрбээр “Бид тэдгээр техник хэрэгслүүдийг үнэн хэрэгтээ улс орноо батлан ​​хамгаалах зорилгоор ашиглаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ нь чухал. Тийм учраас бид энд байна” гэж ярьсан байна.

Мөн түүний хамт АНУ-ын сенатч Линдси Грэхэм (Өмнөд Каролина мужаас сонгогдсон, Бүгд найрамдах намын гишүүн), Ричард Блументал (Конектикут мужаас сонгогдсон, Ардчилсан намын гишүүн) нар Киевт айлчилж байгаа аж.

Уг материалд дурдсанчлан, эдгээр хууль тогтоогчид болон АНУ-ын бусад албаны хүмүүс Киевт хуваарилсан Америкийн тоног төхөөрөмжүүдийг төлөвлөснөөс өөр газар руу илгээсэн нь нотлогдсон тохиолдол гараагүй гэж мэдэгджээ.

Сенатч Блументал “DoD тандалтын талаар ярих хэрэгтэй. Бид тандалт хийдэг. Бид тоног төхөөрөмж бүрийг хянадаг” гэж хэлээд, шамшигдуулсан гэх нотлох баримт байхгүй”-г баталсан байна.

Грэхэмийн хувьд Украины Зэвсэгт хүчний талаар ярихдаа “АНУ-аас үзүүлэх тусламж зогсвол тэд “алдаж магадгүй” гэж тэмдэглэжээ. Мөн тэрбээр “Украин ОХУ-ын цэргийн чадавхийг бууруулж байна. Бидний хэн нь ч эрсдэл хүлээгээгүй. Энэ бол Америкийн хувьд маш том ажил” гэж нэмж хэлжээ.

Уг материалд дурдсанаар, 2022 оны хоёрдугаар сараас хойш АНУ Киевт цэргийн тусламж үзүүлэхэд 43 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь Америкийн цэргийн төсвийн ойролцоогоор 5 хувьтай тэнцэж байгаа аж.

Вашингтоны засаг захиргаа наймдугаар сарын 10-нд АНУ-д есдүгээр сарын 30-нд дуусах 2023 оны санхүүгийн жилд холбооны төсвөөс Киевт яаралтай цэргийн тусламж үзүүлэхэд 13 тэрбум ам.доллар, Украин болон бусад хэд хэдэн улсын эдийн засаг, аюулгүй байдлын тусламжид 8.5 тэрбум ам.доллар зарцуулахыг Конгрессоос хүссэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу