Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдсан билээ.

Улсын гарьд М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм. Энэ жилийн хувьд баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, шагналт байрт шалгарсан 16 харваачийн допингийн шинжилгээний дээжийг шинжлүүлэхээр илгээсэн байдаг.

Бүтэн сар гаруй хугацааны дараа ирсэн шинжилгээгээр нэг бөхөөс метенолон гэх допингийн төрлийн бодис илэрсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлж байв

Улмаар Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат М.Бадарч энэ сарын 4-ний өдөр допингийн “Б” сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Тэрбээр БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, энэ сарын 19-ний өдөр Б сорьцынхоо тагийг нээж, шинжилгээнд оруулсан бөгөөд шинжилгээний хариу эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан байна.

Түүний А сорьцоос метонолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм. Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах аж. 

М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээллийг маргааш танилцуулах юм байна. 

Монгол түмний бахархал болсон бөхийн барилдаан сүүлийн жилүүдэд утгаа алдаж, зодоглосон бөхчүүдээс допинг илрэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Ихэнх тохиолдолд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлдэг ч олон улсын жишгийн дагуу A, B сорьцыг шинжлэхэд аль алинаар нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогддог. Монгол бөхийн холбооноос зохих арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэдэг билээ.

Харин улсын их баяр наадмыг будилуулж, бусдынхаа амжилтыг хорлож, наадамчин олныг хуурсан М.Бадарч уучлалт гуйж, хариуцлага хүлээх үү гэдэг нь асуулт хэвээр байна. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу