Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.09.25) боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ.

Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, тэнэмэл зэрэг нийт 226 хүүхдийг олж тогтоосон байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн 123 иргэнийг 7-30 хоног баривчлуулж, хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхарсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн 128 иргэнд торгууль ногдуулжээ.

Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгөөд байна

Хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Хотын хэмжээнд халаалт авах орон сууцны 5500 байр байдгаас 5450 орчим нь дулаанд холбогдсон. 150 сургууль, 195 цэцэрлэг, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр хангагдаад байна. Халаалт аваагүй орон сууцны 50 гаруй байр байгаа нь шугамын гэмтэлтэй холбоотой” гэсэн бол

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр: “Манай газрын шугам сүлжээний их болон урсгал засварын ажил дууссан. Халаалт өгч эхэлснээс хойш олон гэмтэл гарсныг тухай бүр засаж, янзалсан. Одоо дөрвөн гэмтлийг засаж байна. Халаалтгүй байгаа 55 байрнаас 24-ийг нь өнөөдөр орой гэхэд дулаанд холбоно. Бусад гэмтлийг ойрын хугацаанд засаж дуусгана” гэлээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник, ашиглалт засварын хэлтсийн дарга Ш.Хосбаяр “Өвөлжилтийн бэлтгэл, техник засварын ажлыг зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд хийж дуусгахаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Урсгал засварын ажлыг хийж дууссан. Өвлийн их ачааллын үед найдвартай ажиллагааг хангах зорилгоор гурван шугамд их засварын ажлыг хийсэн. Хоёр шугамын ачааллыг нэмэгдүүллээ” гэлээ.

Шаардлага хангахгүй шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна

Мөн Хотын дарга Яармагийн орон сууцны байрнуудаас зэвтэй ус гарч буйг хэрхэн шийдвэрлэж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас тодруулахад “Яармагийн шугамд хоёр удаа угаалга хийсэн. Гэвч иргэдээс ирэх гомдол буураагүй. Азотын хийгээр угаалга хийхэд төсөв өндөр гарч байгаа. Шугам, сүлжээг солиулахаар төсөвт суулгасан” хэмээсэн бол

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү “Шугамд хуванцраар доторлогоо хийх юм уу, эсвэл шинээр солих шаардлагатай” гэв.

Хотын дарга шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстойг хэлж байлаа. Мөн хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай машин механизмын худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.

Баянзүрх дүүргийн XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талын шатсан “East” төвийн барилгын газарт тохижилт, ногоон байгууламж байгуулах ажлын талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-2022 оны дөрөвдүгээр сард барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталсан.  Гурван блок барилгын загварыг тус оны есдүгээр сард хоёр блок барилга болгосон юм. Ингэснээр эдэлбэр газрын 36 хувьд барилга, 64 хувьд ногоон байгууламж, зам, талбай байхаар баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй. Барилгын компанитай холбогдоход “Хөрөнгө оруулалттай холбоотой ажил саатсан, бүтээн байгуулалтын ажил  удахгүй эхэлнэ гэсэн” хэмээв.

Хотын дарга хугацаатай үүрэг даалгавар өгч, ногоон байгууламж байгуулахад анхаарах хэрэгтэйг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу