Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй билээ.

Бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” буландаа “РИА Новости” агентлагийн мэдээллийг онцолж байна. Түүнд:

ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин Монгол Улсад
орос хэл сурах, хэрэглэхэд шаардлагатай бүх нөхцөл бүрдэнэ гэдэгт
найдаж байгаагаа илэрхийлэв

ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин тэргүүтэй ОХУ-ын Төрийн Думын депутатуудын төлөөлөгчид өнгөрсөн Бямба гарагт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн.

Даваа гарагт ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын хуралдаан болж байна. Тэрбээр “Монгол Улсын иргэдийн дунд Оросын боловсрол уламжлал ёсоор эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй мянган мэргэжилтэн боловсрол эзэмшсэн. Орос хэл сурах, хэрэглэхэд шаардлагатай бүх нөхцөл Монголд бүрдэнэ гэж бид найдаж байна” гэж хэлэв.

Володин “Энэ нь Монгол Улс, ОХУ-ын хооронд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх чухал хүчин зүйл болсон” гэж тэмдэглэлээ.

Төрийн Думын Шинжлэх ухааны хорооны дарга Сергей Кабышевын тэмдэглэснээр, ОХУ-д байгаа монгол оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авсан.

Тэрбээр “Оросын их, дээд сургуульд 2000 гаруй монгол оюутан суралцаж байна. ОХУ-ын Засгийн газраас жил бүр 620 монгол оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд өчигдөр тэтгэлгийг нэмэгдүүлэх хүсэлт ирсэн тул бид авч үзэх болно” гэж хэлэв.

Володин өнгөрсөн Ням гарагт Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавин Занданшатартай уулзсан юм. Тэрбээр “Орос, Монгол хоёр бүс нутаг, хил дамнасан, парламент хоорондын хамтын ажиллагааны олон хэлбэрийг хөгжүүлэх ёстой” гэж тэмдэглэв.

Улаанбаатарт мөн Володин, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Уулзалтын дараа Володин болон төлөөлөгчдийн гишүүд Улаанбаатар хотод байрлах Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөв” гэжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу