Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад айлчилсан ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслав Володин шүүмжлэлийн бай болов. Түүнийг угтан авсныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Чингис хааны хөшөөнд мэхийн ёсолсон бол Вячеслав Володин хүндэтгэл үзүүлээгүйд монголчууд төдийгүй оросууд ч ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Зарим монголчууд “Ромын пап хүртэл тэргэнцрээсээ босож хүндэтгэл илэрхийлсэн байхад Володин монголчуудыг үл тоолоо” гэж үзэж байгаа аж.

Аль ч улсын зочид, төлөөлөгчид айлчилж буй орныхоо ёс уламжлалыг хүндэтгэдэг нь дипломат ёсны нэгээхэн хэсэг. Володиныг монголчууд төдийгүй оросууд ч “дээрх уламжлалыг уландаа гишгэсэн” гэж буруутгасаар буй юм.

Оросын шинжээч Анатолий Несмиян “Архи ууж, Калинка бүжиглэх гэж байгаа бол хамаа алга. Харин албан ёсны төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулна гэдэг өөр хэрэг. Ийм ажил зохион байгуулж чадахгүй байна. Айлчлалын нарийн ширийнийг бүгдийг нь тохиролцдог протокол гэж нэг юм бий. Чингис хааны хөшөөнд мэхийх үү эсвэл мэхийхгүй байх уу гэдгээ уулзалтын протоколыг боловсруулах шатанд л шийдэх ёстой.

Эрүүл саруул ухаантай, хүлээн авч буй тал зочноо ичгэвтэр байдалд оруулахгүй, хожим дуулиан гаргахгүй байхын тулд урьдаас бүхнийг шийдэж болдог. Гэхдээ Оросын протоколын алба “шартчихаж”. Тэд юун нарийн ширийнийг бодох манатай байж. Ингээд л гэнэтийн таагүй байдал гарчээ. Харамсалтай нь бүхий л тал дээр зэрлэг, мэргэжлийн бус байдал гаргадаг нь орчин цагийн Оросын нэрийн хуудас болчихсон” гэж өгүүлжээ.

Вячеслав Володины айлчлалын эхний өдөр гаргасан үйлдэл Оросын хамгийн түгээмэл ашиглагддаг ВКонтакте сүлжээнд ч ихээхэн маргаан дагуулсан байна. Володин Чингис хаанд хүндэтгэл үзүүлээгүй тухай пост дор хэрэглэгчид “Володин хүчтэй хүн. Мэхийх албагүй”, “Эн зэрэгцэх хүндээ бөхийдөггүй. Харилцан хүндлэл үзүүлэхэд л болно”, “Энэ бол дипломат ёсыг уландаа гишгэсэн хэрэг”,

“Бид Алтан Ордны эрхшээлд олон зуун жил байсан. Чингис хаанд мэхийвэл өвөг дээдэс рүүгээ нулимсантай адил болно”, “Монголд ингэж хандаж болохгүй, дайны жилүүдэд яаж тусалж байлаа даа” гэх зэргээр олон талт байр суурийг илэрхийлсэн бол “Володин ОХУ, Монголын харилцааг дараагийн шатанд гаргах” тухай мэдээллийн дор “Бид Монголтой сайхан харилцаатай байх ёстой”, “манайд үлдсэн цорын ганц үнэнч холбоотон” гэх зэргээр дэмжсэн утгатай сэтгэгдлүүдийг үлдээжээ.

Эх сурвалж: ВКONTAKTE, TELEGRAM
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу