Эрх мэдэл, нөлөө бүхий нөхөд гэмт үйлдэл нь ил болмогц аль болох шоронд хоригдож, ял эдлэхгүйн тулд элдвээр “баашилдаг”. “МАН-ын түрийвч” гэгддэг Т.Бадамжунай ч үүнийг тойрсонгүй. Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан тэрбээр өчигдөр (2023.09.25) Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэж, тусламж үйлчилгээ авсан талаар эх сурвалж мэдээлэв.

Түүний өмгөөлөгч яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлж, хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж байв.

Сайд асан Т.Бадамжунайд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

“Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсад баривчлан авчирч, шалгаж буй сайд асан Т.Бадамжунайг цус харваж, эмчилгээ хийлгэж байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээлсэн. ШШГЕГ-аас мэдээлснээр, түүний биеийн байдал хэвийн байгаа аж.

Мөн “нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өчигдөр (2023.09.25) хорих ангийнхаа эмнэлэгт хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Түүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаар есөн сар гаруй хугацаанд хоригдож буй. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд болсон хурал дээр өөрийгөө ямар ч буруугүй болохыг дахин мэдэгдсэн. Б.Ганхуяг “Шүүх бүрэлдэхүүн хараат бус, тунгалаг байх ёстой. Гэтэл шүүгч нар барьцаалагдсан байна. Барьцаалагдаагүй юм бол АТГ-аас лавлагаа бичиг ав. Энд намайг есөн сар хорилоо. Цаашид ч гаргахгүй юм байна. Гаргаж, иргэдэд миний үгийг сонсгохгүй юм байна. Намайг энд байлгах сонирхолтой хүмүүс байсаар байгаа юм байна.

Надад зургаан үйлдэл бий. Гэхдээ эд бүгд хүмүүсийг танилцуулсан асуудал. Намайг болон энэ хэрэгт холбогдсон бусад 10 хүнийг, мөн таныг улс төрийн золиос болгож байна. Бид энд золиослогдоод, тэд тэнд засаг, тамга, төртэйгөө үлдэж болохгүй.

Надаас есөн сарын турш нэг ч удаа байцаалт авсангүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлчих гэсэн. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Тийм учраас би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзаж байна” гэсэн билээ.

Б.Ганхуягийг тархины хаван, ходоодны хавдар нь сэдэрч, ухаан алдсан. Одоог хүртэл сэргээгүй байна” гэх мэдээлэл цахим орчинд тарсан. ШШГЕГ-аас мэдээлснээр, Б.Ганхуяг цус харваж, ухаан алдаагүй, биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу