“Оросын тоглоомын талбайнууд жагсаалын талбай болж байна. Номхон далайгаас Хар тэнгис хүртэлх газарт байршилтай сургуулиудад цэцэрлэгийн хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж, жагсаалын бэлтгэлд оролцож байна. Том хүүхдүүдэд шуудуу ухах, гранат шидэх, жинхэнэ сумаар буудах арга зааж өгч байна.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад Зэвсэгт хүчний албыг алдаршуулж, өсвөр үеийнхний “сайн дурын рот” байгуулж, эх орноо батлан ​​хамгаалах үйлсэд чиглэсэн үндэсний сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж байна.

Товчхондоо, Оросын хүүхдүүд дайнд бэлтгэгдэж байна” гэж CNN агентлаг онцлов.

Оросууд Украинд түрэмгийлснээс хойш Оросын улсын сургуулиудын цэрэгжилт эрчимжиж, эх оронч үзэл нь аяндаа бус, Москвагийн засгийн газрын “шахалт”-аар дэвэрч байна.

Хөрөнгө оруулалт нь асар их. Боловсролын сайд Сергей Кравцов саяхан хэлэхдээ, одоо Оросын сургууль, коллежид “цэрэг-эх оронч” гэж нэрлэгддэг 10 мянга орчим клуб байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн наймдугаар сард сургуулиудад “Эх орны аюулгүй байдал, батлан ​​хамгаалахын үндэс” гэсэн заавал байх ёстой шинэ хичээлийг нэвтрүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ.

Тус улсын Боловсролын яамнаас энэхүү санаачилгын хүрээнд цэргийн ангиудаар аялах, “цэрэг-спортын тоглоом, цэргийн алба хаагчид, ахмад дайчидтай уулзах”, нисгэгчгүй онгоцоор хичээллэх зэрэг сургалтуудыг сурталчилсан байна.

Мөн тус яамнаас ахлах сургуулийн сурагчдад “цэргийн дадлага туршлагатай офицер, зааварлагчийн удирдлаган дор зөвхөн галын шугам дээр сум хэрэглэхийг заана” гэж мэдээлсэн байна.

ОХУ-ын Боловсролын яамны мэдээлэлд “Энэ жил туршиж, 2024 онд хэрэгжиж эхлэх уг хөтөлбөр оюутнуудад цэргийн зан үйл, байлдааны уламжлалын талаар ойлголт өгч, түүнийг төлөвшүүлэх зорилготой” гэж дурджээ.

“Оросын түүх” хэмээх стандарт сурах бичгийн шинэ бүлэг Крымын гүүр, Украины сүүлийн үеийн түүхтэй холбоотой бөгөөд “Түүхийг гуйвуулах”, “Нацизмын сэргэлт”, “Украины неонацизм”, “Орос бол баатруудын орон” гэсэн хэсгүүдтэй байна.

Путин Украин дахь Оросын түрэмгийллийг “Орос хэлээр ярьдаг хүмүүсийг “неонацистууд” геноцид хийхээс хамгаалах “тусгай даалгавар” гэж удаа дараа худал тайлбарласан.

Шинэ бүлэгт “Украин цөмийн зэвсэгтэй болох хүсэлтэй байгаагаа ил тод зарласан”, “Өрнөдийнхөн Оросын эдийн засгийг унагах гэж бүх талаар оролдож байгаа тул Оросын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авсан” гэж худал мэдээлжээ.

Ерөнхийлөгч Путин Оросын сургуулиудад эх оронч үзэл төлөвшүүлэх кампанит ажлыг биечлэн удирдсан. Энэ сард Кремльд болсон арга хэмжээний үеэр тэрбээр хэсэг хүүхдүүдэд дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудтай тулалдаж байсан аавдаа өвөөгийнхөө илгээсэн захидлын талаар ярьжээ.

Путин цааш нь “Бид яагаад Аугаа эх орны дайнд ялсныг би ойлгосон. Ийм хандлагатай хүмүүсийг ер нь дийлэхгүй. Бид яг одоо байгаа шигээ үнэхээр ялагдашгүй байсан” гэж ярьсан байна.

Хүүхдүүд буу угсарч сурч байна

ОХУ-ын орон нутгийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр CNN агентлагаас явуулсан өргөн хүрээний судалгаагаар долоо, найман настай хүүхдүүд цэргийн анхан шатны сургалтад хамрагдаж байгаа аж.

Тухайлбал, долдугаар сард Белгород хотын хүүхдүүд автомат зэвсэг ашиглах, пулемёт угсрах, саад бэрхшээлийг даван туулах зэрэг сургуулилтад оролцжээ.

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй тогтмол дасгал хийхийг санал болгосон байна.

Өнгөрсөн тавдугаар сард Краснодар хотод долоо, найман настай бололтой олон арван хүүхэд арми, флотын дүрэмт хувцастай, зарим нь дуураймал автомат зэвсэг барин жагсчээ.

Вологда хотод болсон жагсаалын үеэр бяцхан хүүхэд албан тушаалтанд хандан “Нөхөр парадын командлагч аа! Парад бэлэн боллоо. Би командлагч Ульяна Шумелова байна” гэж мэндчилжээ.

Үүнтэй төстэй үйл явдал Оросын Алс Дорнод дахь Сахалинаас Азовын тэнгисийн Йейск хүртэл өрнөсөн байна. Хүүхдүүдийн зарим нь догдолж, зарим нь эргэлзсэн харагдана. Ейск хотод сургуулийн өмнөх насны хүүхэд хилчдийн жагсаалыг удирдаж, үе тэнгийнхэн нь: “Нэг, хоёр, гурав. Зүүн, зүүн, зүүн!” гэж чанга “хашгирна”.

Жагсаалд оролцож буй тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь нэг төрлийн цэргийн дүрэмт хувцастай ч алхаж чадахгүй байсан бөгөөд ихэвчлэн Оросын цэргийн баатруудын зураг барьсан байжээ.

Кремлиэс Украинд явуулж буй “Цэргийн тусгай ажиллагаа”-ны тухайд Астрахань хотод цэцэрлэгийн хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж, Украины дайныг дэмжсэн суртал ухуулгын бэлгэдэл болох Z үсгээр чимэглэсэн тоглоомон машинтай байсан аж.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн тавдугаар сард Москвад болсон Ялалтын баярын жагсаалд Удмуртаас Дариа хэмээх 9 настай охиныг урьсан. Бусад хүүхдүүд цэргийн нисдэг тэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах музейтэй танилцжээ.

Дараагийн үе нь цэргийн албанд бэлтгэгдэж байна

Оросын хүүхдүүд ч дайнд бодитой хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Эрх баригч Нэгдсэн Орос нам Владивосток хотод сургуулийн хүүхдүүд цэргүүдэд зориулж өмд, малгай оёдог хөтөлбөр эхлүүлжээ.

Владимир хотод “Бид эрчүүддээ зориулж оёж байна” аяны хүрээнд хүүхдүүд хөдөлмөрийн хичээл дээр цэргийнхэнд зориулж балаклава (нүд, хамрын нүх гаргасан, сүлжмэл малгай) оёж байна.

Воронежийн техникумын оюутнуудад Оросын цэрэгт зөөврийн зуух, лаа хийх даалгавар өгчээ. Уссурийск хотын хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны охидыг толгойн боолт, боолт оёх ажилд татсан байна. Оросын Алс Дорнодын Буриадад өнчин хүүхдүүд Украинд тулалдаж буй цэргүүдэд зориулан “Амжилт хүсье” гэсэн сахиус оёжээ.

ОХУ-ын БХЯ-ны зорилго нь “бие биедээ туслах, нөхөрсөг дэмжлэг үзүүлэх мэдрэмж, ёс суртахуун, сэтгэлзүйн өндөр чанарыг төлөвшүүлэх, түүнчлэн залуу үеийг ОХУ-ын Зэвсэгт хүчинд алба хаахад бэлтгэх аж.

Цэргийнхэн ч сургуулиудаар зочилж байна. Буриадын хүүхдүүд Украинд Польшийн хөлсний дайчидтай тулалдсан гэж мэдэгдсэн, шархадсан цэргийн айлчлалын талаар, украинчууд өөрсдөө “тулалдахыг хүсэхгүй байгаа бөгөөд үүнийг албадаж байна” гэж ярьжээ.

Энэ мэт өөрчлөлтөд төдийлөн дургүй байсан зарим багш нар ажлаасаа халагдсан бөгөөд тоог нь мэдэхэд бэрх аж. Пермь хотын нэгэн сургуулийн захирал дайныг дэмжигчдийн шүүмжлэлд өртөж, ажлаа өгсөн байна. Зарим эцэг эхчүүд цэрэг-эх оронч үзэлтэй энэхүү аяныг дэмжиж байгаа ажээ.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, орос эцэг, эхчүүдийн 79 хувь нь хүүхдүүддээ дайны тухай видео үзүүлэхийг дэмжсэн байна.

Нийгмийн сүлжээн дэх сэтгэгдлээс үзэхэд, оросуудын дийлэнх эх орноо дайсагнасан гүрнүүдээр хүрээлүүлж, гадуурхагдсан гэж боддог байна. Тиймээс цорын ганц сонголт  нь өөрийгөө хамгаалах явдал юм гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Ердөө жилийн өмнө япончууд 20-н нас хүрэхээсээ эх орныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй үндэсэрхэг үзэлтэй болгосон тухай нэг цэргийн бүлэг дээр бичиж байсан санаанд бууж байна.Харин ингээд ердөө жилийн дараа хрэгжүүлчихнэ чинээ ер сансангүй. Болжээн амжилт

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу