MEC судалгааны байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометрийн есдүгээр сарын дүн гарчээ. Уг судалгааг есдүгээр сарын 8-наас 13-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар 1002 хүнтэй утсаар холбогдож авсан байна.

Судалгааг өмнөх сарынхтай харьцуулахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын рейтинг өсөж, парламентын рейтинг 0,1 оноогоор буурчээ. 

Улс төрчдөд өгсөн иргэдийн үнэлгээг тус бүрээр нь хүргэе.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОН ГАРСНААС ХОЙШ ХАМГИЙН ӨНДӨР
ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ

Есдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад бодлогын хүрээнд хэд хэдэн айлчлал хийсэн билээ. Тухайлбал,  есдүгээр сарын  15, 16-ны өдрүүдэд Куба улсын Хавана хотод Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд бүлгийн уулзалтад оролцсон. Мөн Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан. Дээрх үйл явдлуудын дараагаас Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлэмж нэмэгджээ.

Түүнийг өмнөх сард 10 онооноос 5.9 оноогоор үнэлж байсан бол энэ сард 6.2 болсон байна. Ингэж үнэлэхдээ, 20 хувь нь “шударга”, 16 хувь нь “шийдэмгий, зоригтой”, 15 хувь нь “Монгол Улсын гадаад харилцаа”, 13 хувь нь “ажилч хичээнгүй” гэсэн байна. Харин 13 хувь нь “Үнийн өсөлт”, 27 хувь нь “ажлаа хийж чадахгүй байна”, 12 хувь нь “амлалтдаа хүрдэггүй” гэжээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН РЕЙТИНГ 0,1 ОНООГООР ӨСЖЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үнэлэх иргэдийн үнэлэмж өмнөх сараас 0,1 оноогоор нэмэгджээ. Өмнөх сард түүнийг 6,7 оноогоор үнэлж байсан бол энэ сард 6,8 болж нэмэгдсэн байгаа юм. 

Ингэж үнэлэхдээ, судалгаанд оролцсон иргэдийн 26 хувь нь түүнийг “Авлигатай тэмцэж байгаа”, 21 хувь нь “нүүрсний хулгайтай тэмцэж байгаа”, 10 хувь нь “шинэ санаачилга их гаргадаг”, 9 хувь нь “эдийн засгаа сэргээх бодлого барьж байгаа”, 8 хувь нь “Хөгжлийн банкны хулгайтай тэмцэж байгаа” гэсэн байна. 

Харин 32 хувь нь “үнийн өсөлт”, 17 хувь нь “үр дүн шийдвэр байхгүй”, 13 хувь нь “худлаа попордог”, 11 хувь нь “хөгжлийн банкны хулгайчдад хариуцлага ногдуулж чадахгүй байна”, 9 хувь нь “нүүрсний хулгайг шийдэж чадахгүй байна” гэх зэргээр дүгнэсэн байна.

НҮҮРС, ХӨГЖЛИЙН БАНК “ДЭЭРЭМДСЭНИЙ” УЛМААС ИРГЭД УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МУУ ДҮН ТАВЬСААР БАЙНА

Парламентын үйл ажиллагааг иргэд “байж л байгаа” хэмээн үнэлж, муу дүн тавьсаар ирсэн. Энэ удаад ч мөн “муу” дүнгээ хэвээр үлдээж, өмнөх сараас 0,1-ээр бага оноо өгчээ. Тодруулбал, энэ сард УИХ-ын үйл ажиллагаанд 3 оноо өгсөн байна. 

Ингэж үнэлэхдээ, 20 хувь нь “байж л байгаа”, 32 хувь нь “үр дүнтэй шийдвэр байхгүй”, 20 хувь нь “үнийн өсөлт”, 17 хувь нь “хөгжлийн банк дээрэмдсэн”, 17 хувь нь “нүүрсний хулгайтай холбогдсон” гэсэн байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГ УЛС ТӨРЧДИЙН ЖАГСААЛТААС Л.ЭНХ-АМГАЛАН ХАСАГДАЖ, С.ГАНБААТАР НЭМЭГДЖЭЭ

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтын эхний зургаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар дарааллын дагуу бичигддэг. Эл байдал есдүгээр сард хэвээрээ байна.

Харин сүүлийн гурван хүний байр тогтмол солигддог юм. Өмнөх сард жагсаалтын долоод УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, наймд УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, есдүгээрт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар жагсаж байв. Харин энэ сард Л.Энх-Амгалан сайдын нэр жагсаалтаас хасагдаж, түүний оронд УИХ-ын гишүүн С.Ганбаатар наймд бичигджээ. 

          МАН-ААС СҮ.БАТБОЛД, С.БАЯР, Д.СУМЪЯАБАЗАР, Н.УЧРАЛ, Ч.ХҮРЭЛБААТАР,           АН-ААС С.БАЯРЦОГТ, Ц.ЭЛБЭГДОРЖ, Л.ГАНТӨМӨР, Х.БАТТУЛГА НАРЫГ ЖАГСААЛТАД БАГТВАЛ НАМЫГ НЬ СОНГОХГҮЙ ГЭЖЭЭ 

2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдэх парламент 126 гишүүнтэй байх бөгөөд тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүнийг сонгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.

Үүнтэй холбогдуулан “Намын жагсаалтад хэн хэн гэдэг гурван улс төрч орвол та тухайн намыг сонгохгүй вэ” хэмээн асуулга авчээ. Дээрх асуултад судалгаанд оролцсон иргэд дараах байдлаар хариулсан байна. 

МАН-аас Сү.Батболд, С.Баяр, Д.Сумъяабазар, Ц.Нямдорж, Н.Учрал, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, П.Анужин, Б.Жаргалмаа, Т.Аюурсайхан нарыг намын жагсаалтад багтвал МАН-ыг сонгохгүй гэсэн байна. 

Харин Ардчилсан намаас С.Баярцогт, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Л.Гантөмөр, Ж.Батсуурь, Э.Бат-Үүл, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг багтвал намыг нь сонгохгүй болохоо илэрхийлжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу