Өмнөд Солонгос өнгөрсөн Мягмар гараг (2023.09.26)-т буюу сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа цэргийн парад хийв. Хэдийгээр бороотой байсан ч нийслэлийнхээ гудамжаар танк, пуужингууд болон орчин үеийн дэвшилтэт зэвсгүүдээ “аялуулжээ”.

БНСУ-ын Зэвсэгт хүчний 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан энэхүү парад Солонгосын хойгт хурцадмал байдал даамжирсан, цөмийн хөтөлбөрөө түргэсгэж буй Хойд Солонгосоос ирэх аюулын эсрэг Өмнөд Солонгос АНУ, Японтой илүү “дотносож” байгаа энэ үед болов.

Сөүлийн Агаарын баазад тус арга хэмжээний ёслолын ажиллагаа болж, үзүүлбэр үзүүлж, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг Пёньянд анхааруулсан үг хэлсэн байна.

Юн “Хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэвэл Сөүл-Вашингтоны эвсэл хариу арга хэмжээ авснаар дэглэм нь нуран унах болно” гэж хэлжээ.

Өмнөд Солонгост 2013 оноос хойш анх удаа болж буй тус парад үдээс хойш үргэлжилж, цэргүүд цэргийн техник хэрэгсэлтэйгээ Сөүл хотын төв ордон болон түүхэн Гванхвамун талбайн хажуугаар явж өнгөрсөн байна. Зам дагуу борооны хуванцар пончо өмсөж, шүхэр барьсан хүмүүс эгнэн зогсож, үзэж сонирхжээ.

БНСУ-ын Үндэсний батлан ​​хамгаалах яамнаас “Уг арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын хэдэн мянган цэрэг, АНУ-ын 300 гаруй цэрэг жагссан” гэж мэдээлсэн байна. Бусад үзүүлбэрүүдэд цэргийн анги тус бүрээс цэргийн оркестр, туг баригчид оролцжээ.

Мөн энэ үеэр нисгэгчгүй онгоц, танк, хуягт тээвэрлэгч гэх мэт дотоодын төрөл бүрийн тоног төхөөрөмжөө үзүүлсэн байна. Цэргүүд олон түмэн рүү гараа даллан мэндчилж, хэд хэдэн тээвэрлэгчид Өмнөд Солонгосын далбааг тээврийн хэрэгслийнхээ гадна талд наасан байжээ.

Гриффитийн их сургуулийн Гриффитийн Азийн хүрээлэнгийн зочин ажилтан Питер Лэйтон “Цэргийн парад нь АНУ болон Хойд Солонгос, Хятад зэрэг бүс нутгийн хүчирхэг гүрнүүд зэрэг гадаад үзэгчдэд мессэж илгээсэн чухал үйл ажиллагаа болж байна” гэж хэлжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн “Энэхүү парад нь Солонгосын ард түмэнд тус улс дэлхийн тавцанд чухал гүрэн, дэлхийн гол хүч болж байгааг харуулах зорилготой” гэж хэлэв. Тэрбээр Мөн “Солонгосын батлан ​​хамгаалах салбарын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, эдийн засгийн бусад салбарууд уналтад орж байгаа ч экспорт гайхалтай амжилтад хүрч байна” гэж нэмж хэлсэн байна.

Юн өмнө нь Өмнөд Солонгосыг АНУ, Орос, Францын дараа дэлхийн дөрвөн том зэвсгийн экспортлогчийн нэг болгох зорилтоо илэрхийлж байв. БНСУ-ын Экспорт-Импортын банкны мэдээлснээр, чансаанд хэдхэн байрын зайтай байгаа ч тус салбар хурдацтай хөгжиж, 2021 онд батлан ​​хамгаалахын экспорт 7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Лэйтон “БНАСАУ зэвсгийн туршилтаа эрчимжүүлж байгаа энэ үед цэргийн парад нь Өмнөд Солонгос АНУ-тай, мөн Японтой ойртож байгаа, бат бөх эвсэл болохыг тодотгож байгаа хэрэг” гэж нэмж хэлжээ.

Олон улсын тагнуулын алба ч өнгөрсөн жилээс Пёньян цөмийн туршилтаа сэргээж магадгүйг онцолж, сансрын хиймэл дагуулаас авсан зургаар газар доорх цөмийн туршилтын талбай нь идэвхжиж буйг харуулж байв.

Энэ оны дөрөвдүгээр сард Юн, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Хойд Солонгосын түрэмгийллийг таслан зогсооход чиглэгдсэн шинэ хэлэлцээр хийж, тэр дундаа 1980-аад оны эхэн үеэс хойш анх удаа цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцыг Өмнөд Солонгост байршуулахаа АНУ амалсан талаар зарласан билээ.

Юн, Байден, Японы Ерөнхий сайд Фумио Кишида нар өнгөрсөн наймдугаар сард мөн түүхэн дээд хэмжээний уулзалт хийж, шинэ цэргийн сургуулилт, хямралын үед холбоо барих утсыг зарлаж байв.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу