Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орсны улмаас зам харагдахгүй болж, иргэд төөрчээ. 

Тодруулбал, тус аймгийн Өлгий хот, Ногооннуур, Дэлүүн, Булган, Буянт зэрэг ихэнх нутгаар цас гурав дахь хоногтоо үргэлжлэн орж буй аж. 

Үүний улмаас төөрсөн, зам харагдахгүй байна гэсэн хоёр дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн ОБГ-ын дуудлага хүлээн авагч н.Янжиндулам “Гурав хоног үргэлжилж цас орсны улмаас зам халтиргаа ихтэй байна. Зарим газруудаар одоо ч цасан шуурга шуурч байна гэх мэдээлэл ирсэн. Уул, даваа ихтэй газруудаар цас бударч, хээрээр нэлээд цастай байна. Үүнээс болоод “төөрчихлөө”, “цасанд зам харагдахгүй байна” гэсэн хоёр дуудлага ирсэн. Замын цасыг цэвэрлэхээр замчин болон ачигч нар ажиллаж байгаа” гэлээ. 

Ийн цас ихтэй байгаагийн улмаас Ховд-Өлгий чиглэлийн замын Бураатын даваа гэх хэсэгт тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй болсон байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу